Төрийн далбааны өдөр тохиож байна

'Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд эл өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Өнөөдөр тус өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаал хийлээ.
Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд харуулав. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллаа.
Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стартеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллав.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдоржнар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.
Манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Канад Улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ