Дундговиос анх удаа хязаалан түрүүллээ

img

Гэрэл зургийн MPA.mn

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан Хүй долоо худагт болж өндөрлөлөө. Хязаалан насанд 342 хурдан хүлэг шандас сорьсноос Дундговь аймгийн Хулд сумын харъяат улсын алдарт уяач Б.Лхагва-Очирын хурдан хүрэн зээрд үрээ энэ жилийн наамдын хязаалангийн уралдааныг өнгөлөв.

 

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Т.Галбадрахын бор үрээ хурдалсан. Гуравт Дундговь аймгийн Хулд сумын харъяат Н.Батжаргалын шарга үрээ, дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хонгор үрээ, тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ тус тус хурдаллаа.

 

Ингээд уяачдын сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Б.Лхагва-Очир: Дутуугаа гүйцээж үрээгээ түрүүлгэлээ

/Түрүү хязаалангийн уяач/

 

 

-Аавынхаа их хөдөлмөрийн их үр шим алтан тууртаны буянд сайхан наадаж байна. Энэ манай Говь шанхад 2 түрүүлж 4 айрагдсан хүрэн азарганы төл байгаа юм. Өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадамд сайхан түрүүлж орж ирээд хадуураад гуравласан. Өнөө жил дутуугаа гүйцээж сайхан түрүүлгэлээ дээ. Аавынхөө хөдөлмөрт л их баярлаж байна даа би. Нутгийнхаа намхан бор толгодод л их баярлалаа даа. Манай Батжаргал ахын үрээ гуравт хурдаллаа. Бид ах дүү, ойрын хамаатан улс байгаа юм аа. Хоёр үрээгээ нэг уяан дээрээс мордуулсан.

 

М.Алтан-Очир: Битүү үрээгээ аман хүзүүдүүллээ

/Аман хүзүүний хязаалангийн уяач/

 

 

-Дөрвөн жил дараалан Төрийнхөө их баяр наадамд морь айрагдууллаа. Сайхан байна. Сэтгэл их өндөр байна. Энэ Галаа ахын өөрийнх нь унаган адуу. Нондин шүдлэнд нь нэг бага наадамд уралдуулж байснаас биш ер нь битүү үрээ шүү. Т.Галбадрах ах дараалан 8-9 үрээгээ улсад айрагдуулж байсан.

 

Н.Батжаргал: Шарга үрээ минь үнэхээр хурдан юм

/Гуравт хурдалсан үрээний эзэн/

 

 

 

 

-Миний шарга үрээ Далан хонгорын наадамд түрүүлсэн, Цээлийн бүсэд түрүүлсэн. Өвөл хоёр жижиг наадамд түрүүлсэн. Нийтдээ даагандаа 7, шүдлэндээ 2, хязааландаа 4 түрүүлсэн. Тав дахь удаагаа гуравт хурдаллаа. Үнэхээр хурдан юм. Адуу хурдан даа л болов уу гэж бодож  байна. Тэрнээс би мундагтаа биш байх. Угшил нь өндөр шилийн Нармандах гэдэг хүний хурдан адуу байгаа юм. Эцэг тал нь Халзан сумын А.Ухна гуайн халиун азарганы төл. Нэг нутаг, нэг уяа, ах дүүгийн морь айрагдаж сайхан наадсанд баяртай байна.

 

Ж.Мөнхсүрэн: Айрагдана гэж бодсонгүй

/Тавд хурдалсан үрээний уяач/

 

 

 

-Төрийнхөө наадамд тоосыг нь өргөнө л гэж ирсэн. Айрагдана гэж ёстой бодоогүй. Аргагүй морь арын хаалгагүй амьтан юм. Энэ үрээ маань өмнө нь “Жавхлант шарга”-д аман хүзүүдэж байсан. Миний өөрийн “Шөвгөр халтар” гэдэг азарганы охин төлөөс гарсан. Эцэг нь Тод манлай уяач Д.Ононгийн алдарт хээр морины төрсөн дүү Агваан багшийн маань хурдан цагаан азарганы төл.

 

Ийнхүү хязаалан насны морьдын уралдааны түрүүг Дундговь аймгийн уяач анх удаа хүртлээ. Энэ өдөр үргэлжлүүлэн шүдлэн насны морьны уралдаан болно.

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Dundgoviin mori nodnin bas turuulj naadmiig ehluulj bsn mundag uyachidtai nutag yumda
2016-07-11