Цэмбэгэр наадам

Улаан цэмбэн тэрлэг, өнгө дагуу малгайгаар гоёж, хромон гутлыг хослуулан өмссөн залуу, шийдэнд бөмбөг шидэж ёндоогоо үзэв. Архан талд нь мөн л шоо хаяж, мөнгөө арвижуулахаар хэсэг хүмүүс хөгжилдөнө. Цаахнатай нь номхон хонгор дааган дээр хүүхдүүд мордож зураг авахуулах аж. Харин тэдний хажууханд ТҮК-ийн ажилчид ил задгай хог хаягдал байгаа эсэхийг шалгангаа, аз, эзээ үзэж буй хүмүүсийн тоглоомыг сэм ажиглан инээвхийлэв. Энэ бол Хүй долоо худаг дахь наадамчид.
Энэ удаагийн баяр наадмаар ТҮК-ийн ажилчид сайн ажилласан уу эсвэл наадамчин олон цэмцгэр наадсан уу ямартай ч ил задгай хог хаягдал, хуушуурын тостой амны цаас энд тэнд хөглөрч харагдсангүй. Идсэн хуушуурын уутандаа, уусан ундааны сав, татсан тамхины иш зэргээ нямбай гэгч нь боогоод хогийн саванд торхийтэл унагах иргэд цөөнгүй байсан нь монголчууд цэмцгэр, соёлтой баярладаг болсныг илтгэж байна.
Энэ жил Хүй долоо худагт 10 гаруй нийтийн бие засах газрыг байршуулжээ. Тус газрын ус татагдахгүй эвгүй үнэр тархах, дараалал үүсэх асуудал ажиглагдаж байв. Гэвч тус бүрт нь 1-3 хүн ажиллаж, тэр дор нь арга хэмжээ авч хувингаар цэвэр ус авч ирэн асгаж цэвэрлэсээр байсан.
Бас нэгэн олзуурхууштай зүйл нь тэнд “Хаан” банкны явуулын бэлэн мөнгөний машин байрлаж байна. Хогоо хаяагүй, бие засах газрыг даруй цэвэрлэсэн, АТМ ашиглах боломжтой, “Экобус”-аар наадмын талбайн нэг захаас нөгөө зах руу хөл амар хүргүүлсэн гэх мэтчилэн сайшаамаар зүйл олон байв.
Манайхан зарим нь наадамлахаасаа илүүтэй мөнгө олох гэж Хүй долоо худгийг зорих ажээ. Тэнд хуушуур, ундаа, малгай, цамц, гутал, оймс гээд ер байхгүй бараа алга. Эргэн тойрноо сэм ажиглавал Хархорин захын гадна талбай дахь худалдаачид дунд эс бөгөөс “Нарантуул” зах дундуур найр наадмын үеэр таваргаж яваа шиг санагдаж байлаа. Учир нь наадмын талбайн зүүн хойд хэсэгт “Малгай аваарай”, дунд хэсэгт “Хуушуур, мөстэй кола аваарай”, зах хэсэгт нь “Түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйл аваарай” гэх. Ийн уригдсаных харин ч нэг наймаа бүхнийг нь сонирхож нүд хужирлалаа.
Эхлээд хуушуурын гэрээр зочиллоо. Үхрийн махтай хуушуур шууд хайраад өгнө гэж рекламдан рейтингээ өсгөх гэрийн гадна асарт тухлан 2 хуушуур захиалаад орхилоо. Нар сар гэрэлтсэн ч наадмын хуушуур цаанаа л нэг сайхан амттай юм. Өнөөх хуушуур 1000 төгрөгийн үнэтэй гэнэ. Ер нь л хуушуур тийм ханштай байв. Зарим худалдаачин хуушуураа 1200-1500 төгрөгөөр борлуулж байв. Онцлог нь юу болоод бусдаас өөр үнэтэй байгааг асуухад, “Бэлчээр дээрээс нь барьж авчраад төхөөрсөн жинхэнэ хөдөө талын малын махдаа” хэмээх аж. Ухаандаа овоо зузаан түрийвчтэй нь хөдөөний хонины мах идэж, нэг жаахан нимгэн түрийвчтэй нь нийслэлийн замын хажууд зарагдаж байдаг малын мах идэх юм байх.
Тэндээс бэлэг дурсгалын зүйлийг сонирхохоор гарлаа. Зогдор, ногтыг нь бодит мэт хийж, эсгийгээр урласан тэмээ эрхгүй нүдэнд тусав. Түүний үнийг сонирхвол хамгийн том нь 60 мянга, дунд нь 30-40, арай жижиг нь 25 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хийц нь хятадын барааг дагуулахааргүй юм. Даанч үнэтэй юм. Манайхан үндэсний үйлдвэрлэл гэхээр л үнийг нь тэнгэрт хадааж байдаг хойно юу ч гэхэв.
Хүй мандлын ногоон зүлгэн дээр эмэгтэй хүний нимгэн шаахайнуудыг жирийтэл өржээ. Энэ дүр зураг л захыг санагдуулсан хэрэг. Бид наадмын талбай орж хуушуур иднэ, морь харна гэдгээс биш гутал авах гэж зорьдоггүй болов уу.
Энэ бүгдийг эс тооцвол монголчууд бид Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан л тэмдэглэж байна.
Наадмын эхний өдөр хэсэг зуур ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас морь уралдах замд шалбааг тогтон хязаалангийн уралдаан цагаасаа хожимдож эхэлсэн. Гэсэн ч энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан болж буйд наадамчин олон баярлаж байна. Нээрэн л монголчууд бид хүлгийн тоосонд тэнгэр уярав уу гэлтэй халуун нар төөнөж байснаа гэв гэнэтхэн л бороо ороход бэлгэддэг ард түмэн.
Өнгөрсөн өдрүүдэд азарга, их нас, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж, торгон жолоо өргүүлсэн шандаст хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж, түмэн олноо цэнгүүллээ. Харин энэ өдөр соёолон насны морьдын тоосонд хийморь сэргээхээр хэн хүнгүй л догдлон буй. Хэн гэдэг уяачын шандаст хүлэг түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгахыг тун удахгүй харна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ