Турк: 1400 гаруй энгийн иргэн шархтжээ

img

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн нийслэл Анкара хотноо цэргийнхэн төрийн эргэлт хийхийг санаархан эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан  Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз мэдээлэл хийлээ.

 

 

Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийж буйгаа зарлаж, Анкара болон Истанбул хотноо хяналтаа тогтоохыг санаархаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Одоогоор Турк Улсын амьдрал хэвийн үргэлжилж буй бөгөөд энэхүү халдлагад оролцсон 3 мянга орчим цэргийн алба хаагчийг түр саатуулаад байгаа юм байна. Халдлага үйлдсэн 100 орчим цэргийн алба хаагч нас барсан. Харин 8 гишүүн нь Грек улс руу нисдэг тэрэгээр зугтаж, тус улсад орогносон байна. Улмаар Грек улсаас улс төрийн оргонол хүссэн боловч тус улсын Засгийн газраас гишүүдийг Турк улсад буцаан тушаана гэдгээ мэдэгджээ. Одоогоор халдлагын улмаас 160 орчим энгийн иргэн амь үрэгдэж, 1400 орчим хүн шархатсан байна.

 

Энэ талаар Элчин Сайд Мурат Карагөз “Монголын ард түмэнд зөв зохистой мэдээлэл хүргэх үүднээс энэхүү мэдээллийг хийхэд хүрлээ. Энэ үйл явдал Турк улсын ардчилалд хар толбо үлдээх үйл явдал боллоо. Гэвч ард түмний хүсэл зоригийг нухчин дарах гэсэн оролдлого амжилтад хүрсэнгүй. Туркийн ард түмэн нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцсэн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, Үндэсний их хурал нь Туркийн Зэвсэгт хүчинтэй нэгдмэл байдлаа маш амжилттай хадгалж, ардчилал болон үндэсний хүсэл зоригийг хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлээд байна. Буруутай эдгээдүүдийг илрүүлж хуулийн дагуу шийтгэх  болно” хэмээв.

 

 

Турк улсад төрийн эргэлт хийхийг санаархсан нэг генералыг Засгийн газрын цэргүүд баривчилсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл тус генералийг халдлага үйлдсэн цэргүүд барьцаалаад байсан тухай Элчин Сайд мэдээллээ. Тэрбээр энэ тухай “Турк Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, генералийг барьцаанд авсан байна. Улмаар  Түүнийг барьцаалагдсан тухай мэдээлэл ирсэн газарт тусгай ажиллагааныхан амжилттай сөрөг ажиллагаа явуулж Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг аварсан байгаа” хэмээсэн юм.

 

Түүнчлэн цэргийнхэн Засгийн эрхийг авсан болохоо төрийн мэдлийн “TRT” агентлагаар дамжуулан эрх баригчдаа мэдэгдсэн талаар орон нутгийн хэвлэл мэдээлсэн. Энэ талаар Элчин Сайд хэлэхдээ “Туркийн Үндэсний Радио телевизийн байранд хүчээр нэвтрэн орж хууль бус төрийн эргэлтийн мэдэгдлийг нэвтрүүлэгчээр нь уншуулсан байна. Зарим цэргүүд Турк Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын байранд хүчээр нэвтрэх гэж оролдсон боловч хамгаалалтын албаныхантай сөргөлдөж амжилтгүй болсон. Мөн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү нэвтрэх оролдлого хийсэн ч хамгаалалтыг давж чадаагүй байна” хэмээв.

 

Мөн тэрбээр “Энэхүү үйл явдлын дараагааар энэхүү үйл явдал нь Туркийн Зэвсэгт хүчин дотор үүрлэсэн хэсэг бүлэг офицер, ахлагч нарын төрийн эргэлт хийх гэсэн хуйвалдаант оролдлого байсан нь тодорхой болсон. Төрийн эргэлт хийх оролдлого хийсэн цэргүүд нь Турк улсын энгийн иргэд болон мөрдөс нэгт цэргийн алба хаагчдынхаа эсрэг хүч хэрэглэсэн нь харамсалтай юм” хэмээн ярилаа.

 

Дашрамд дурдахад Анкарагийн нэгэн дүүрэгт байрлах цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны тасагт цэргүүд халдлага үйлдэж 17 тусгай алба хаагчийг хөнөөсөн байна. Мөн Үндэсний их хурлын төв байранд агаараас халдлага үйлджээ.  Турк улсын Үндэсний их хурал анх удаагаа ийм халдлагад өртсөн аж.

 

Халдлага болох үед Турк Улсын Ерөнхийлөгч Эрдоган гэр бүлийнхээ хамтаар Даламан хотноо амарч байсан аж. “Цэргийнхэн төрийн эргэлт хийлээ” гэх мэдээллийг хүлээн аваад Ерөнхийлөгч амралтаа дуусгаж, хувийн онгоцоороо Истанбул хотын Ататюркийн нисэх буудалд газарджээ. Ерөнхийлөгч байрлаж байсан зочид буудлаа орхисноос нэг цаг 30 минутын дараа агаараас халдлага үйлдэж хоёр цагдаагийн амь насыг хөнөөсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ