Мурат Карагөз: Фетхуллах Гюлен удирдсаныг бүгд мэднэ

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн нийслэл Анкара хотноо цэргийнхэн төрийн эргэлт хийхийг санаархан эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудлаар Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Нас барсан, шархатсан хүмүүс дунд гадны улс орны иргэд өртсөн мэдээлэл бий юу?
-Халдлагад нийт 1600 орчим хүн өртсөнөөс, бослого гаргасан 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан цагдаагийн байгууллагын 42, энгийн 118 хүн амиа алдаж, 1400 орчим иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар гадаадын хэдэн хүн амь насаа алдсан тухай мэдэээлэл надад алга.
-Өчигдөр Туркад суугаа Монголын Элчин сайдын яамнаас халдлагад Монгол иргэн өртөөгүй гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг дахин нягтласан уу?
-Одоогоор Турк улсад ажиллаж амьдарж буй 3 мянга орчим монгол иргэн бий. Монгол иргэд Туркийн олон хотод аж төрж буй ч ихэнхи нь Истанбул болон Анкара хотод төвлөрсөн байдаг. Монгол Улсад Анкарад суух Монгол Улсын Элчин сайдын яам бий. Мөн Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар байгаа. Эдгээр байгууллага халдлагын үйл явцад маш сонор сэрэмжтэй хандсан. Мөн ард иргэдээ эндхээс урьдчилан сэргийлж тодорхой мэдэгдлийг гаргаж ажилласан байгаа. Би Турк улсад ажиллаж амьдарч буй зарим монгол найзтайгаа сошиал хэрэгсэлээр холбогдсон. Одоогийн байдлаар надад муу мэдээ ирээгүй. Гэхдээ энэ талаар Анкара болон Истанбулд байрлаж буй байгууллага илүү сайн мэдэж байгаа болов уу гэж бодож байна.
-Цэргийн эрх мэдэлтнүүд юуны учир Засгийн газартай зөрчилдсөн юм бэ? Урьд нь ийм асуудал гарч байв уу?
-Турк улс дотооддоо болон гадаадад маш олон заналхийлэлтэй тулгарч байдаг. Тухайлбал хөрш орон Сирт болж байгаа иргэний дайн, хямрал бидэнд маш том заналхийлэл учруулдаг. Мөн Турк улсын ойр орчимд улстөрийн засаглалын хомсдол үүссэн 9 орон байна. Эдгээр хөрш орны дотоодын улстөрийн тогтворгүй байдал нь Турк улсын дотоод улстөрд үргэлж нөлөөллөө үзүүлсээр байгаа юм. Энэ удаагийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого нь юунаас улбаатай вэ гэхээр Турк улсад бас нэгэн шинэ террорист бүлэг үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус террорист бүлэглэлүүдийн зорилго нь Турк улсын төрийн үйл ажиллагааг доголдуулах үйлдэл юм. Энэхүү террорист бүлэглэл нь өмнө нь зэвсэгт тэмцлийг төдийлөн хийж байгаагүй. Харин энэ сарын 15-ны энэхүү үйлдлээр өөрийн улсын төр засаг, ард түмний эсрэг зэвсэг барих хэмжээний ноцтой заналхийлэл бүхий бүлэглэл гэдгээ тод томруунаар харуулж байна.
-CNN агентлаг мэдээлэхдээ Турк улсын Ерөнхийлөгч утсаар ярих боломжгүй нөхцөлд 1 цаг 50 минут байлаа гэсэн. Байдал үнэхээр тийм хүнд байсан уу?
-Турк улсад цэргийнхэн бослого гаргаж эхлэх тэр үед Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Станбулаас зайтай амралтын газар байсан. Төрийн эргэлтийн талаарх цэргийнхний халдлагыг тагнуулын байгууллагаасаа сонсонгуутаа Станбул хотод нисдэг тэргээр ирсэн. Харин түүнийг Станбул хотод ирснээс нэг цаг орчмын дараагаар 3 сөнөөгч онгоц, 40 орчим цэргийн албан хаагчид газраас болон агаараас халдлага үйлдсэн байгаа юм. Улмаар 2 цагдаагийн алба хаагч нас барсан. Тухайн цаг хугацаанд эрхэм Ерөнхийлөгч Туркийн хувийн телевизтэй гар утсаараа холбогдож байдал хүндэрсэн. Мөн нөгөө талаар ард түмний дэмжлэг хэрэгтэйг уриалсан байдаг.
-Төрийн эргэлтийг танай улсын ерөнхийлөгч АНУ-д байрлах Исламын номлогч Фетхуллах Гюленыг удирдсан гэж мэдэгдсэн. Номлогчийг буруутгах болсон шалтгаан нь юу вэ?
-Энэхүү хууль бус үйл ажиллагааг удирдан зохион байгуулаад байгаа хүн бол АНУ-ын Пеннсилван мужид амьдрах Фетхуллах Гюлен гэх иргэн гэдгийг та бид бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид энэ хүнийг эргүүлэн тушаагаач ээ гэдэг хүсэлтийг АНУ-д удаа дараа явуулж байсан. Сүүлд болсон энэ халдлага маш ноцтой үйл явдал боллоо гэдгийг харуулж байгаа юм.
-Барьцаалагдсан хүмүүсийг сулласан уу?
-Турк Улсын Зэвэгт хүчний Жанжин штабын дарга мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тэргүүтэй зарим төрийн дээд албан тушаалтныг Анкара, Станбул хоёрын хооронд байрлах агаарын цэргийн баазад байрлуулж байсан. Тухайн баазад чөлөөлөх сөрөг ажиллагааг амжилттай явуулж бүх хүмүүсийг аварсан. Мөн тус баазад төрийн нэр бүхий албан тушаалтнуудыг барьцаалаад байсан цэргүүд бууж өгсөн талаар үүрийн дөрвөн цагт мэдээлэл ирсэн
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ