Номлогчийг шилжүүлэн өгөхийг хүсчээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган исламын шашны номлогч Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийхийг санаархаж, цэргүүдийг эх орных нь эсрэг өдөөн турхирсан хэмээн буруутгалаа. “Үндэсний энхтайван” гэх цэргийн бүлгэм энэ сарын 16-нд төрийн эргэлт хийж буйгаа мэдэгдэж, Анкара хотноо байрлах парламентын ордон руу халдахыг санаархсан юм. Засгийн газрын цэргүүд эрх орноосоо урвасан цэргүүдийг баривчилж, Анкара болон Истанбул хотноо бүрэн хяналтаа тогтоосон талаар хэвлэлийнхэн мэдээллээ. Төрийн эргэлт хийхийг санаархсан гэгдэх номлогч Фетхуллах Гюлен 1999 оны хоёрдугаар сард Туркээс явж, АНУ-д байрших болсон юм. Эрдоган номлогчийг “Турк улсад тогтворгүй байдал бий болгохоор санаархдаг” хэмээн буруутгадаг билээ.
Ерөнхийлөгч өчигдөр номлогчийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг АНУ-ын удирдлагуудаас хүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Фетхуллах Гюленг хуулийн дагуу шийтгэх болно” гэж хэлсэн байна. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Номлогч Фетхуллах Гюлен Турк улсад төрийн эргэлт хийхийг санаархсан гэх баталгаатай баримт бидэнд хэрэгтэй. Мөн АНУ ардчилсан замаар сонгогдсон Туркийн Засгийн газрыг дэмжин ажиллах болно. Бид энэхүү байр сууринаасаа хэзээ ч буцахгүй” гэж мэдэгджээ.
Номлогчийн асуудлаас болж хоёр орны дунд таагүй харилцаа үүсч эхэлжээ. Туркт болж өнгөрсөн эмх замбараагүй байдлын улмаас 256 хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ