Цаазын ялыг сэргээнэ

Туркийн хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, тус улсад эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Тэгвэл эх орныхоо эсрэг буу чиглүүлж, ард түмнээ заналхийлсэн дээрх цэргүүдийг эх орноосоо урвасан хэмээн үзэж, ялын дээд хэмжээг оноож магадгүй байгаа талаар “www.nbcnews.com” мэдээллээ. Туркийн Үндсэн хуулийн цэц хуралдаж, цаазаар авах ялыг сэргээх эсэх асуудлаар хэлэлцэж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгч Эрдоган хүртэл эрх орноосоо урвасан цэргүүдийг цаазаар авахыг шаардаж байна.
Засгийн газар төрийн эргэлт хийхийг санаархсан 6000 орчим хүнийг баривчилжээ. Эрх баригчид урвагчдыг цаазлах нь зөв хэмээн шийдвэрлэсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Турк улсад үүсээд буй үймээний улмаас тус улсын хил дээр гацаад буй олон мянган цагаач хүндхэн байдалд ороод буйг НҮБ-аас санууллаа. Турк, Европын холбоотой байгуулсан гэрээний дагуу цагаачдыг хүлээн авах ёстой байсан ч Анкара хотноо болсон үйл явдалтай холбогдуулан цагаачдыг хүлээн авахаа түр зогсоосон байна. Европын холбоо, “Турк үүргийнхээ дагуу ажлаа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ