Рио-2016: Ганц дайчин ганцаардахгүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнээс манай улсын тамирчин П.Тэмүүжин анх удаа олимпийн эрх авсан билээ.
Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болох олимпийн их наадамд эх орноо төлөөлөн анх удаа таеквондогийн төрлөөр оролцох болсон ОУХМ П.Тэмүүжинг танилцуулж байна.
П.Тэмүүжин 2007 оноос Ж.Ариунбаатар гэх хүнээр таеквондогийн хичээл заалгаж суралцаж эхэлжээ. Улмаар 2008 онд Дархан-Уул аймгийн тэмцээнд оролцож аваргалан урам авснаар энэ спортоор салшгүй хичээллэх болсон байна.
Түүний амжилтаас дурдвал:
Оюутны ДАШТ, Азийн АШТ-ий V байр,
Зүүн Азийн наадмаас хүрэл, оюутны Азийн АШТ-ээс алт, хүрэл,
“Korea Open”, “Jonju Open” тэмцээний хүрэл,
“Asian pacific championship” тэмцээний алт,
УАШТ-ээс таван алтан медаль,
“Asian pacific championship”-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан
Таеквондогийн хар бүс, гурван дантай тамирчин
“Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Риог зорих “тийз” захиалсан
2013 оноос “Алдар” спорт хороонд харъяалагдах болсон
Үндэнсий шигшээ багийн тамирчин.
П.Тэмүүжин олимпийн эрх авсан торгон агшин дахь сэтгэгдлээ “Монгол хүн болж төрснөөрөө их бахархлаа. Олимпийн эрх авах мөчид өөрийн эрхгүй “Би чадлаа” гээд хашгирсан. Нэг хэсэг өөртөө итгээгүй. “Нээрээ, би олимпийн эрх авчихлаа гэж үү” гэх бодол төрөөд л байсан. Таеквондоо олимпийн эрх авахад хамгийн шалгуур өндөртэй спортын нэг. Учир нь олимпийн эрх олгох ганцхан тэмцээн болдог нь энэ. Тэгээд зөвхөн шигшээд шалгарсан тамирчдад олимпийн эрх олгодгоороо онцлогтой. Олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим болохоор сэтгэл их хөдөлж байна. Би Монголын таеквондогийн холбоо, дасгалжуулагчид, тамирчдын хамтын хүч, нэг нэгнээ гэсэн сэтгэлийн их хүчээр энэ амжилтад хүрсэн” хэмээн хуваалцжээ.
Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд таеквондогийн төрлийн 68 кг-ийн жинд эх орноо төлөөлөн хүч үзнэ. Анх удаа таевондогийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох болсон залуу тамирчинд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ