Ерөнхийлөгчийн эхнэр авлига авчээ

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето ард түмнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр ийнхүү иргэдээсээ уучлалт гуйсан нь түүний эхнэр, тэргүүн хатагтай Анжелика Ривер авлига авсантай холбоотой гэнэ.
Тэргүүн хатагтай хоёр жилийн өмнө 7 сая ам.доллароор Мексикийн зүүн мужид байшин худалдан авсан нь тогтоогдсон байна. Төрийн өндөр алба хашдаг эрхэм уг мөнгийг тэргүүн хатагтайд өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон талаар Авлигатай тэмцэхээс газраас мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч “Ард түмэн надад итгэл алдарч буйг мэдэж байна. Би их харамсч байна” гэж хэлжээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдох үедээ авлигатай тууштай тэмцэхээ мэдэгдэж, авлига авсан болон өгсөн хүнийг хатуу шийтгэхээ сануулсан юм.
Тэргүүн хатагтайн авлигын дуулианы дараа интернэт хэрэглэгчид Энрикег “Худалч ерөнхийлөгч” гэлцэх болжээ. Уг дуулианы улмаас Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх иргэдийн тоо эрс багасч, ирэх 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр дахин ялалт байгуулах нь эргэлзээтэй болоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ