Меркел, Тереса нар уулзав

Британийн шинэхэн Ерөнхий сайд Тереса Май анхны айлчлалаа Герман улсад хийлээ. Тэрбээр өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Берлин хотноо хүрэлцэн ирж, Канцлер Ангила Меркелтэй уулзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Удирдагчид саяхан Британи улсад зохион байгуулагдсан Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулгын талаар ярилцсан байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэн билээ.
Канцлер "Британийн шийдвэр Европын холбооны задралын эхлэл биш байгаасай хэмээн хүсч байна. Үнэндээ би британичуудыг Европын талд ашигтай сонголт хийгээсэй хэмээн хүсч байсан” гэж хэлжээ.
Харин Тереса “Британи улс өмнөх шигээ Европын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Хэдий иргэд Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэн ч парламент Европын холбооноос гарахыг албан ёсоор батлаагүй байна. Өнөөг хүртэл гишүүнчлэлийн эрх хүчинтэй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ