Цагдаагийн сүлд хийморь өөдөө байг

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан энэ өдөр Цагдаагийн бие бүрэлдэхүүн Их Эзэн Чингис хаан болон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
95 жилийн ойн босгон дээр 2000 алба хаагчыг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд өчигдөр шагнан урамшуулсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 57 алба хаагч Хууль зүйн яамны болон төрийн дээд одон медаль, 108 алба хаагч цол нэмж, 68 алба хаагч офицер бүрэлдэхүүнд орсон байна. Мөн цагдаагийн гавъяа тэмдгээр 44, хүндэт жуух 67, баярын бичгээр 44 алба хаагч шагнагдсан юм.
Харин өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис тэргүүтэй бие бүрэлдэхүүн Чингисийн талбайд ёслол үйлдлээ. Одоогоор ойн арга хэмжээ хүндэтгэлийн тоглолт, баярын хурлаар үргэлжилж байна.
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис цагдаагийн байгууллага үүсч хөгжсний 95 жилийн ойг тохиолдуулан нийт алба хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Цагдаагийн байгууллагын ариун эгнээнээс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг баатарлаг үйлстнүүд, алдар гавьяатнууд, урлаг, спортын сайчууд олноороо төрөн гарч, байгууллагынхаа түүхийг улам баяжуулж ирснийг бахархан хэлэхэд таатай байна.
Бид түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, орчин үеийн техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлье. Төр түвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай” хэмээв.
1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсанаар Монголын орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож буй Монгол төрийн ууган байгууллагын нэг билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ