Дундаршгүй хүч, дуусашгүй тэвчээрийн эзэд

Ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болох “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байна. Өмнө нь шигшээ багийн боксчин, жудоч, чөлөөт бөхийн болон буудлагын спортын тамирчдыг танилцуулсан. Энэ удаад зуны XXXI олимпийн наадамд хурд хүчээ сорих хөнгөн атлетикийн тамирчид /марафонч/-ыг танилцуулж байна.
Б.Сэр-Од
“Рио 2016” олимпод оролцох эрхийг манай тамирчдаас хамгийн эхэнд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өвөртлөөд байв. Харин түүний дараагаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны XXI Олимпийн наадамд оролцох хоёр дахь эрхийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр 2015 онд Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дах удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20,000 оролцогчоос зургаадугаар байр эзлэн олимпийн эрхээ өвөртөлсөн.
Д.Гантулга
БНХАУ-д болсон Олон Улсын марафоны гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн. Тэрбээр Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, хөнгөн атлетикийн ОУХМ, Хилчин спорт хороо, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин.
Л.Отгонбаяр
2016 он гараад хоёрхон хоногийн дараа БНХАУ-ын Сямын хотноо "Xiamen International marathon" тэмцээнд Л.Отгонбаяр 2:42:47 цагийн амжилтаар IX байрт орж олимпийн эрх хүртсэн. Афины олимпод цагаан хуудсаар оролцож байсан тэрбээр ийнхүү гурав дахь олимпдоо хурд хүч тэсвэр тэвчээр хатуужлаа сорих гэж байна. Лондоны олимпод анх удаа нормативаа биелүүлж байсан түүний хувьд дөрвөн жилийн дараа дахин амжилтаа ахиулж “Рио 2016” олимпод эрх оролцох эрх өвөртлөөд байна. Тэрбээр хөнгөн атлетикаар хичээллэсэн 22 жилийн хугацаанд 1500, 3000, 5000, 10000, хагас марафон, марафон нийт Монгол Улсын 19 рекордын эзэн, 34 удаагийн түрүүлжээ.
Б.Мөнхзаяа
БНХАУ-ын Сямын хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах "Xiamen International marathon" тэмцээнд Б.Мөнхзаяа IV байр эзэлж Монгол улсын дээд амжилтыг эвдсэн төдийгүй олимпийн эрхийн норматив биелүүлсэн юм.
Ц.Бямбажав
Өнгөрсөн долоо хоногт холын зай /марафон/-н гүйгч Ц.Бямбажав олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулснаар манай улс олимпийн наадамд түүхэндээ анх удаа 42 тамирчнаа үдэн мордуулахаар болоод байна. Тэрбээр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, ЗХ-ний 337 дугаар ангийн хөнгөн атлетикийн тамирчин ОУХМ, дэд ахлагч юм.
“Рио 2016 олимпийн наадмын дараа ирэх есдүгээр сард Рио де Жанейро хотноо паралимпийн наадам болох юм. Тус наадамд манай улсаас 8 тамирчин хүчээ сорихоор эрхээ авсан билээ. Ийнхүү Монголын 50 тамирчин Риог зорьж байгаа гэдгээрээ Монгол улсын хувьд олимпийн түүхэндээ дээд амжилтыг тогтоож байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ