Рио: Усанд сэлэлтийн хоёр

Ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болох “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байна. Өмнө нь шигшээ багийн боксчин, жудоч, хөнгөн атлетик болон буудлагын спортын тамирчдыг танилцуулсан. Энэ удаад “Рио 2016” олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх хоёр тамирчинг танилцуулж байна. Зуны XXXI олимпийн их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин оролцох эрхээ аваад байгаа юм.
Спортын мастер Б.Есүй
Б.Есүй нь“Рио 2016” олимпийн усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдөх юм. Тэрбээр Орхон аймгийн Орос хэлний сургалттай дөрөвдүгээр 10 жилийн сургуулийн 10б ангид сурдаг. 2000 оны долоодугаар сарын 21-нд төрсөн. Энэ жил дөнгөж 16 нас хүрч яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрбээр усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах 50 метрийн төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Мөн 2016 оны тавдугаар сарын 28, 29 нд болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метр араар даллах төрөлд спортын мастерийн болзол хангаж 50 метр өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Идэрчүүдийн улсын аваргын 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, насанд хүрэгчдийн улсын аваргын 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Спортын мастер.
ОУХМ Б.Дөлгөөн
РИО-2016” зуны олимпын усан спортын төрөлд Эрдэнэт vйлдвэр ХХК -ийн Хангарьд спорт клубын 2 тамирчин оролцоно. Түүний нэг нь ОУХМ Б.Дөлгөөн юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 24.25, далайн гахай сэлэлтээр 25.79 секундын амжилтаар тус тус 50 метрийн усан бассейны Монгол Улсын рекордыг шинэчилсэн билээ. Анхлан 2008 онд анх Улсын аварга болж, түүнээс хойш амжилтаа ахиулсаар байгаа юм.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцох хоёр тамирчинд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ