Исламын шашинтай орны иргэдэд хориг тавина

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Исламын шашинтай орны иргэдийг АНУ-д аялж, зугаалахыг хориглох болно” гэж хэлсэн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би ард түмнээ хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргасан. Хэрвээ би сонгуульд ялалт байгуулбал ажлын эхний өдрөө дээрх захирамжинд гарын үсэг зурж, исламын шашинтай орнуудын иргэдэд хориг тавих болно. Би шийдвэрээсээ буцахгүй бас эргэн харахгүй” гэсэн байна.
“CNN” агентлагийн сэтгүүлч нэр дэвшигчээс “Та яагаад исламын шашинтнуудаас ингэтлээ зай бариад байгаа юм бэ. АНУ-д олон исламын шашинтнууд аж төрдөг. Тэднийг яах вэ. Мөн АНУ-ын олон иргэн исламын шашинтай. Таны шийдвэр олон хүнийг бухимдуулахгүй юу?” хэмээн асуужээ.
Уг асуултад тэрбээр “Та эргэн тойрноо нэг сайн хар. Исламын шашинтнууд Франц, Германд халдлаа. Тэдний заналхийлэл АНУ-ыг чиглэсээр байна. Тэд хэзээ эх оронд минь эзэн мэт аашлахыг мэдэхгүй учир урьдчилан арга хэмжээ авч буй юм. Намайг буруутгах хэрэггүй. Хэдий миний шийдвэр хатуу чанга сонсогдож байгаа ч өнөөдрийн хувьд хамгийн үр дүнтэй шийдвэр. Өнөөгийн Засгийн газрын ачаар бид хэтэрхий олон дайсантай боллоо. Тиймээс исламын шашинтнуудад итгэл хүлээлгэхээс болгоомжилж байна. АНУ-д ажиллаж, амьдарч буй исламын шашинтнууд асуудал үүсгэхгүй бол би ч тэднийг тайван орхих болно. Гэхдээ миний хараа хяналт хэзээ ч сулрахгүй” хэмээн хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ