Япон: Амиа алдагсдын тоо 19-д хүрчээ

img

Японы Сагамихара хотноо өчигдөр нэг этгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвд нэвтэрч халдлага үйлдсэн билээ. Халдлагаар 15 хүн амиа алдаж, 45 хүн гэмтсэн юм. Тэгвэл амиа алдагсдын тоо 19 болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. “Эмчилгээ хийлгэж буй 14 хүний байдал хүнд байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй” хэмээн Сагамихара хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Халдлага үйлдсэн этгээд 26 настай бөгөөд 2012-2013 онд тус төвд ажилладаг байсан гэнэ. Тэрбээр иргэдийг хөнөөснийхөө дараа цагдаагийн газар очиж, хэргээ хүлээсэн байна. Залуу “Би тэднийг хөнөөсөн” хэмээн хашгирч байжээ. Нарийн мэргэжлийн эмч нар залууг сэтгэцийн өвчтэй эсэхийг тодруулахаар ажиллаж буй гэнэ. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна.

 

Сагамихара хотноо хөл хорио тогтоож, халдлага болсон төвийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоожээ. Ерөнхий сайд Шинзо Абе амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ