Номлогчийг хөнөөсөн этгээдүүд хэт даврагч биш

Францын Руан хотын сүмд халдлага гарч, 84 настай номлогч амиа алдсан билээ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн хоёр этгээдийг устгасан юм. Тэгвэл тэд халдлага үйлдэхээсээ өмнө фэйсбүүк хуудсынхаа нүүр хуудсанд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тугийг байршуулж, тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадид үнэнч байхаа тангарагласан байна.
Номлогчийн аминд хүрсэн гэгдээд буй Адел Кермич “Би үнэнчээ тангараглаж байна. Таныхаа өшөөг заавал авна” гэж бичжээ. Уг пост Бакар аль Багдадид хандан бичсэн эсэхийг цагдаагийнхан тодруулж байна.
Руан хотын халдлагын дараа “Халифын вант улс” өөрсдийн “Амик” гэх мэдээллийн агентлагаараа дамжуулан халдлага үйлдсэн залуусыг өөрсдийнхөө дайчид хэмээн мэдэгдэж, “Аллах та нарыг өршөөх болно. Үүргээ амжилттай гүйцэтгэлээ” гэсэн байна.
Харин Францын Дотоод хэргийн яам, Тагнуулын байгууллага Руан хотноо халдсан этгээдүүдийг тус бүлэглэлтэй холбоотой гэх баримт хангалтгүй байгааг онцлон “Номлогчийг хөнөөсөн этгээдүүд хэт даврагч биш. Тэд үнэхээр хэт даврагч эсэхийг тогтоогоогүй байна. Хэт даврагчид францчуудыг айлгахын тулд Руан хотноо гарсан хэргийг өөрсдөө захиалсан мэтээр ярьж байна. Бид энэ хэргийг шалгах болно” гэж мэдэгджээ.
Халдлагаар амиа алдсан номлогчийг сүүлчийн замд нь үдэх ёслолд Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцсон байна. Олланд “Дэлхий ертөнцөд бүх шашин ижил түвшинд бий. Шашин шүтэх эс шүтэх шалтгааны улмаас нэгнээ хохироох буруу явдал” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ