Ш.Мөнгөнбаатар дахиад л “цолгүй”

2011 оны сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул,“Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлсэн нь саяхан мэт санагдаж байна. Учир нь тэр жилийн тэр өдрөөс хойш ард түмэн түүнийг улсын цолонд ойрхон бөх гэж Улсын наадмын таавар бүрийд дээгүүр нэрлэн, өндөлзөж хүлээсэнсэн.
Тун саяхан Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөв. 18 шинэ начин төрлөө. Шинэ цолтнууд дунд Ш.Мөнгөнбаатар арслангийн нэр дахиад л байдаггүй. Харин “Нас нь яваад байдаг” хэмээн халаглах хүн олон байлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд Улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон. Өнөө жил харин Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар гэх шавилхан залууд барьц сонгуулаад уналаа. Арслан өвдөг шороодчихоод “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү багшдаа хандан "Багш аа, зүгээр ээ, дахиад наадам байгаа шүү дээ" хэмээн хэлжээ. Гүндүүгүй хүн ээ. Гэвч итгэл хүлээлгэсэн олныхоо сэтгэлийг чилээхгүй гэж ингэж хэлэхдээ дотроо шатаж байсан биз. Учраа таарсан Улсын начин Д.Анар Монголын залуучуудын холбооноос хурдан даага бэлгэнд авч байхад Ш.Мөнгөнбаатар арслан урамгүйхэн шуудгаа тайлж зогсоо байх даа.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай бөх Х.Баянмөнх аварга “Тавын даваа гэдэг хамгийн хэцүү. Энэ давааг л гаталчих юм бол сайн бөх цаашаа торолгүй явчихна” гэж Ч. Санжаадамба аваргын тухай, дараа нь Ш.Мөнгөнбаатар арслангийн тухай хэлж байсан. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ улсын баяр наадамд таван удаа үзүүрлэж, тавууланд нь Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон байдаг. Ийм юм болчих вий дээ гэж бөхийн хорхойтнууд Ш.Мөнгөнбаатарт санаа зовж буй. Зовсондоо эсвэл өмөлзөж, өмөөрсөндөө “Тэр үнэхээр сайн бөх гэдгээ олон жил харууллаа. Өөрийнхөө хүчээр Улсынхаа баяр наадамд зодоглож тавын даваанд таван удаа бүдэрлээ. Даанч түүнд дэмжлэг алга. Санхүүгээр болон ам авчих, тахимаа өгчих нутгийн том цолтой бөх алга” хэмээж байна.
Сүхбаатар аймгаар овоглодог Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очир “Мөнгөнбаатарийн маань нас явчихлаа. Уг нь монгол бөхөд жудаг гэж нэг юм бийсэн. Улсын алдар цолтой бөхчүүдийн хэн нь ч гэсэн амлаад цолонд хүргэхэд “Мөнгөөр начин төрүүллээ гэж хэлэхгүй” дээ. Гэвч энэ залууг амлаад өгчих жудагтай аавын хүү байдаггүй юм байна” хэмээж сууна.
Арслан одоо 33 настай, харьж яваа бөх. Гэхдээ л ир нь мохоогүй, шижигнэсэн барилдаан үзүүлнэ дээ гэж элгэн садан, ард түмэн нь ирэх жилийн наадмыг өндөлзөн хүлээж буй биз ээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ