Эрдоганы дэмжигчид жагсчээ

Германы Кёльн хотноо ажиллаж, амьдардаг туркчууд өчигдөр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэмжин, тайван жагсаал зохион байгуулсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Жагсагчид Туркийн төрийн далбаа, Ерөнхийлөгчийнхөө зураг болон “Төрийн эргэлтийн эсрэг, ардчиллын төлөө” хэмээн бичсэн самбар барьцгаасан байжээ.
Уг тайван жагсаалд 50 мянган турк нэгдсэн байна. Жагсаалын эхэнд Анкара, Истанбул хотноо гарсан төрийн эргэлтийн үеэр болон Франц, Герман улсад гарсан террорист ажиллагааны үеэр амиа алдсан иргэдэд зориулан нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлжээ.
Туркчууд хэн нэгний хүсэлт, шахалтаар жагсаал хийгээгүй хэмээн мэдэгдэж “Эрдоганыг дэмжин, итгэл бэлэглэхийг хүссэн” гэсэн байна. Уг жагсаалын үеэр Ерөнхийлөгч жагсаалд оролцогчтой интернэтээр шууд холбогдохоор төлөвлөж байсан ч Германы Дээд шүүх шууд бичлэгийг хориглосон байна.
Жагсаалын үеэр террорист халдлага гарахаас сэргийлэн 2700 цагдаа, хүчнийхэн ажиллажээ. Цагдаагийнхан жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн 12 иргэнийг түр саатуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ