Тайванийн иргэн зикагийн халдвар авчээ

Тайваньд зика вирусын дөрөв дэх тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Латин Америкийн орноор жуулчлаад ирсэн 37 настай эмэгтэйгээс шинжилгээ авахад зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Эмэгтэйн биеийн халуун өндөр байсан учир шинжилгээ авчээ. Эрүүл мэндийн яам “Эмэгтэй шумууланд хазуулж, уг вирусын халдвар авсан” гэсэн байна. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сард анхны зика вирус бүртгэгдсэн билээ. Халдвар авсан иргэд бүгдээрээ шумууланд хазуулсан болохыг албаны хүн батлаад “Бид нарийн шинжилгээ явуулсан” гэж мэдэгджээ.
Зика вирус шумуулаас хүнд халдахаас гадна бэлгийн замаар халдвар тараадаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон билээ.
Ийнхүү зика Азийн БНХАУ, Өмнөд Солонгос, Тайвань, Малайз зэрэг улсад бүртгэгдээд байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ