Г.Отгонцэцэг 75 мянган ам.доллараар шагнуулна

Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаан энэ сарын энэ сарын 6-нд Рио Де Жанейро хотноо болж өндөрлөсөн. Тус жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубын тамирчин Алваризыг Казахстаны нэрийн өмнөөс олимпийн татамид барилдаж байгаа монгол охин Г.Отгонцэцэг мордож шидэх мэхээр цэвэр ялсан. Улмаар Казахстан улсын баг тамирчид Риогийн олимпоос анхны медалиа хүртсэн билээ.
Казахстан улс олимпийн аварга болсон тамирчинд 250 мянган ам.доллар болон гурван өрөө байр, мөнгөн медальд 150 мянган ам.доллар, хоёр өрөө байр, хүрэл медальтанд 75 мянган ам.доллар, нэг өрөө байрыг өгөх болсон тухай Г.Отгонцэцэг ярилцлагандаа дурдсан байна.
Тэгэхээр Казахстаны нэрийн өмнөөс барилдсан жүдоч Г.Отгонцэцэг 75 мянган ам.доллар, нэг өрөө байраар шагнуулах ажээ.
Г.Отгонцэцэг хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу Казахстаны нэр дээр барилдах болсон байна.
Тодруулбал Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар 2015 оны нэгдүгээр сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ гэрээний дагуу эмэгтэйчүүдийн 48кг-ын тамирчин Монгол Улсын шигшээ багийн Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон аж.
2015 оны байдлаар эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн чансааг Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж, Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа. 2016 оны олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-д бичигдсэн тамирчид олимпод зодоглох эрхтэй. Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон.
Улмаар нэг улсаас нэг тамирчин олимпод зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шийдвэр ирдэг байсан билээ. Иймд Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авч тамирчнаа Казахстан улсын нэрийн өмнөөс барилдуулахаар болсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ