Д.Отгондалай: Хариугаа авсандаа баяртай байна

Риогийн олимпийн дөрөв дахь өдөр буюу наймдугаар сарын 9-нд манай улсын таван тамирчин өрсөлдсөн.
Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй Монголын тамирчин Д.Отгондалай Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн билээ.
Өрсөлдөгчөө ялсан даруйд тэрбээр “Энрико Ла Круз бид хоёр өмнө нь Германы химийн цомын тэмцээнээр учраа таарч тулалдаж байлаа. Тухайн үед би 3:0 харьцаагаар ялагдал хүлээсэн. Энэ удаад дахин даагаа нэхэж хариугаа авсандаа маш их баяртай байна. Өрсөлдөгч маань нэлээн чац өндөртэй, Химийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан мундаг тамирчин. Тийм болохоор үнэхээр ширүүн тулаан болж өндөрлөлөө. Дэвжээнд гарахын өмнө багш нартайгаа ярилцаж тактикаа сайтар боловсруулсан” хэмээсэн байна.
Тэрбээр наймдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатарын цагаар 06:00 цагт шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдах юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ