Түүнд талархах учиртай

Зуны XXXI олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө манай улсын таван тамирчин өрсөлдсөн ч тэмцээнээ өндөрлүүллээ.
Буудлага:
50 метрийн урт бууны 3x20 дасгалын урьдчилсан шат Деодоро дүүрэг дэх Үндэсний буудлагын төвд боллоо. Энэ төрөлд манай улсаас Г.Нандинзаяа оролцсон. Тус төрөлд оролцсон мэргэн буучид хэвтээ, суугаа, босоо гэсэн гурван байрлалаас тус бүр 20 сум тавьж, нийт цуглуулсан оноогоор эхний найман байрт орсон нь финалд өрсөлдөх ёстой эрх авах байлаа. Нийт 37 буучид цэцээ сорьсоноос манай тамирчин Г.Нандинзаяа 582 оноотой 9-р байранд эрэмбэлэгдэж финалд үлдэж чадсангүй.
Жүдо:
Олимпийн наадмын жүдо бөхийн -100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний барилдаанаа хийлсэн. Харин "А" хэсэгт түүний эхний учраа Кубын бөх Хосе Арментерос байсан. Хоёр жүдоч өмнө нь 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан. Олимпийн наадмын татамид юүко үнэлгээгээр Кубын бөх Хосе Арментерос яллаа. Бээжин, Лондоны олимп дараалан финалд шалгарч байсан Н.Түвшинбаяр аварга ийнхүү гурав дахь олимпоо өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жинд барилдаж буй Дэлхийд чансаагаараа 20 дугаар байрт бичигддэг Монгол улсын тамирчин П.Лхамдэгд хэсгийн эхний барилдаанд Унгарын жүдоч Абигель Жоотой таарлаа. Харамсалтай нь П.Лхамдэгдийн гарын гэмтэл сэдэрч, Унгарын жүдочид ялагдлаа. Абигель Жоо нь Европ тивийн хошой аварга, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд хоёр жүдоч нийт таван удаа учраа таарч барилдсанаас дөрвөн удаад нь Унгарын жүдоч ялж байжээ
Бокс:
Монгол улсын тамирчин, Рио 2016 олимпийн боксын 69 кг-ийн жинд хүч үзсэн Б.Түвшинбат эхний тойрогтоо ялалт байгуулж, дараагийн шатны тоглолтоо Ирландын Стивен Доннеллитэй хийхээр болсон. Улмаар Ирландын ширэн бээлийтэн Стивен Доннеллид 2:1-ийн харьцаагаар ялагдаж, шигшээ наймд шалгарсангүй.
Усанд сэлэлт:
Монголын багийн усан спортын төрөлд хоёр тамирчин Рио 2016 олимпд өрсөлдөж байгаа. Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд оролцсон Б.Дөлгөөн 24.90 секундэд барианд орж, 60 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Анхны олимпдоо өрсөлдсөн Б.Дөлгөөн ийнхүү тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Ийнхүү” Рио 2016” олимпийн наадмын зургаа дахь өдөр манай улсын таван тамирчин ялагдал хүлээв. Олимпийн наадмын алт, мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт монголын ард түмэн ихээхэн итгэл хүлээлгээд байсан ч тэрбээр өрсөлдөгчдөө ялагдлаа. Гэсэн ч Монгол түмэн түүнд талархах учиртай. Тэр Монголчуудын 40 жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалийг эх орондоо авчирсан гавьяатай.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ