Тайландад 12 цагийн дотор 4 халдлага болов

Тайландад цуврал халдлага болж, хүний амь эрсджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тайландын нийслэл Бангкок хотоос 145 км-ийн цаана байрлах Хуа Хин мужийн “Тай” гэх амралтын газарт цуврал дэлбэрэлт болсон байна. “Уг дэлбэрэлтээр нэг иргэн амиа алдаж, 19 хүн шархтсан” талаар мужийн Цагдаагийн газраас мэдээлэв. Амиа алдсан эмэгтэй “Тай” амралтын газрын өмнө хүнсний ногоо зардаг байжээ.
Эхний дэлбэрэлт өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагт болсон бол дараагийн дэлбэрэлт хагас цагийн дараа болжээ. Шалгалтаар гэмт этгээдүүд амралтын газрын өмнө байрлах цэцгийн саванд тэсрэх бөмбөг хийсэн бол дараагийн бөмбөгийг 50 метрийн цаана байрлах цэцгийн саванд байршуулсан байсан гэнэ. Цагдаагийнхан “Тай” амралтын дотно, гадна хяналтаа тогтоож, амралтын газраар амарч байсан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлтээр зургаан жуулчин шархтжээ. Тайландад олон салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэд жуулчид болон гадаадын иргэдийг гол байгаа болгодог юм. Хуа Хин мужийн Цагдаагийн дарга “Дэлбэрэлтийн ард хэн байгааг тогтоогоогүй байна. Эхний ээлжинд амралтын газар байрлах хяналтын камерийг шалгаж байна. Бидэнд тэр үйлдсэн гэх баталгаатай мэдээлэл байхгүй байна. Гэмт этгээдүүдийг барихад иргэдийг оролцоо чухал. Та бүхэн харсан, үзсэн зүйлээ бидэнд хэлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Хуа Хин мужаас гадна Сурат Тани, Пукет мужид дэлбэрэлт болсон талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
“Сурат Тани хотноо өнөөдөр хоёр дэлбэрэлт болжээ. Эхний дэлбэрэлт 8.01 цагт болсон бол дараагийн дэлбэрэлт 8.30 цагт дэлбэрэлт болсон” хэмээн Цагдаагийн газраас уламжлав. Уг дэлбэрэлтээр хоёр хүн амиа алдаж, долоон хүн шархтсан байна. Гэмт этгээдүүд Сурат Тани хотноо болсон дэлбэрэлтэд уурхайн тэслэгч ашигласан гэнэ. Мөн бэртсэн хүмүүсийн дунд жуулчид байгаа талаар албаны эх сурвалж өгүүлжээ. Гэмт этгээдүүд жуулчдыг гол байгаа болгож, хохироож байгаа учир тус улсад суугаа элчин сайдууд иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Сурат Тани хотноо болсон цуврал дэлбэрэлтээс хагас цагийн дараа Пукет мужид цуврал дэлбэрэлт болжээ. Пукет мужийн төвд өнөөдөр 9.00 цагт дэлбэрэлт болж, олон хүн бэртсэн байна. Одоогоор хэдэн хүн шархтсан мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Мөн гэмт этгээдүүд уг дэлбэрэлтийг үйлдэхдээ уурхайн тэслэгч ашиглажээ.
Пукет мужид дэлбэрэлт болоод тавхан минутын дараа Хуа Хин мужид дахин дэлбэрэлт болсон талаар Тайландын төв хэвлэл мэдээллээ. Гэмт этгээдүүд цаганд тэсрэх бөмбөг байршуулж, тэсэлсэн байна. Ийнхүү Тайландад 12 цагийн дотор дөрвөн дэлбэрэлт боллоо. Нэрээ нууцалсан цагдаагийн ажилтан “AFP” агентлагт “Цуврал халдлагаар 11 хүн амиа алдсан” гэж ярьжээ. Гэхдээ уг мэдээллийг Тайландын Үндэсний Цагдаагийн газар батлаагүй юм. Дахин халдлага гарч магадгүй хэмээн цагдаагийнхан үзэж, нийслэл Бангкок болон Тайландын эзэн хааны ордны ойр орчмыг хяналтадаа авчээ.
Нийслэл Бангкок хотноо өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны шөнө террорист халдлага гарч 27 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархтсан билээ. Гэмт этгээдүүд хотын төвд байрлах “Erawan Shrine” буханд тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ