Эх орон дуудсан цагт хэзээд бэлхэн

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Эзэн Чингисийн талбайд 750 байлдагч эх орон дуудсан цагт хэзээд бэлхэн гэдгээ андгайлж,  эр цэргийн тангараг өргөлөө. Эх орныхоо энхийн манаанд зогсож байсан үе, үеийн эгэл жирийн, цэрэг эрсийн тоо мянгаар нэмэгдлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр өнөө гурав дахь жилдээ  амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд тус хөтөлбөрт дөрвөн мянга гаруй оюутан бүртгүүлснээс 1000 нь цэрэгт хамрагджээ. Тэднээс 741 оюутан Улаанбаатар хот, Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт дадлагын төв”-д, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан хамрагджээ. Дорнод, Ховд аймгийн алба хаагчид маргааш тангараг өргөх бол Улаанбаатар хотын 741 оюутан өнөөдөр тангараг өргөлөө.

 

“Оюутан цэрэг”-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын хүмүүс болон оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцов.

 

Ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол дайчдын залгамж халааг оюутан залуус түүчээлэн буйг харахад таатай байна. Өнөөдөр та бүхнийг харахад нүдэнд чинь оч гялалзаж, нүүрэнд чинь цог золбоо бадарч жавхаажжээ. Бие бялдар сэтгэл зүйн хат суужээ. Аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болжээ. Ийм итгэл хүлээх цэргүүдтэй болж буйгаараа Монголын ард түмэн, Монгол төр бахархаж байна. Оюутан хүн цэргийн албаа давхар хаах нь хэн хүнд тохиохгүй ховор боломж юм. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийн хүрээ улам өргөжинө. Хөдөө хот ялгаагүй хэрэгжүүлж мэргэжил сургалт төвийн оюутнуудыг хамруулна. Ийм байдлаар Монгол улс бодлогоо тодорхойлно. Тиймээс эцэг эхчүүд минь эрэгтэй хүүхэд бүрээ цэргийн албанд хамруулах төрийн бодлогыг халуун дотноор хүлээж авахыг та бүхнээс хүсье. Цэргийн алба гэдэг агуулгын хувьд ээж аавын хүү эх орны хүү болно гэсэн үг. Ач холбогдлын хувьд иргэнийхээ хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээнэ гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэнийхээ эрхэм үүргийг биелүүлж цэргийн суурь эрдэмд суралцан өнөөдөр тангараг өргөж буй оюутан цэрэг та нартаа чин сэтгэлийн дайчин цогтой гал халуун мэндийг өргөн дэвшүүлье” хэмээн баяр хүргэв.

 


 

“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан. Харин өнөө жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна. Хөтөлбөрийн санхүүжилэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая, 2016 онд 835,1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

 

Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамир, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, галын бэлтгэл, тактикийн бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэгт суралцсан аж. Мөн байлдааны буудлагатай хоногийн хээрийн сургууль хийсэн аж.

 

 

Энэ талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, ШУ-ны доктор, профессор Г.Мягмаржав “Бүтэн жилийн хугацаанд судлах ёстой цэргийн программыг дөрвөн сарын хугацаанд 75 хувьтай эзэмшүүлж цэргийн үндсэн суурь мэргэжил болох “буудагч” гэсэн мэргэжлийг эзэмшүүлэн төгсгөлөө. Батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн сургалт явуулсан. Үүнээс гадна БХИС энэ жил төгссөн, өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуу дэслэгч нарыг авч ажлуулсан. Мөн тус сургуулийн өндөр зэрэглэлийн доктор, профессоруудыг зөвлөх багшаар ажлуулсан. Тийм учраас энэ жилийн сургалт маш үр дүнтэй болсон. Цэргүүд маань 72 цагийн хээрийн сургалт хийж хээр хонолоо. Энэ үеэр гал гаргаж, ус туулж, анх удаа нуугдах нүх ухах зэрэг ер нь цэрэг хүн юу үзэх ёстой тэр бүгдийг өөрийн биеэр амтлуулж, үзүүлснээрээ энэ сургалт их ач холбогдолтой боллоо. Цаашид энэ цэргүүд дайчилгааны нэгдүгээр үүрэгтэнгүүд болоод 3-5 жилийн хугацаанд сурсан үндсэн мэргэжлээрээ холбооны инженер зэргээр дайчилгааны мэргэжлээр ажиллах боломжтой” хэмээв.

 

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж өнөөдөр цэргийн тангараг өргөсөн залуусын 90 гаруй хувь нь онц, сайн дүнтэй суралцаж, 200 гаруй оюутан “Онц буудагч” дүнтэй төгсчээ. Мөн 100 гаруй нь сонс эргэж сурсан гэнэ. Энэ талаар цэргүүдээс тодрууллаа.

 

Б.Билгүүн: Цэргийн алба хаах миний мөрөөдөл байсан

/Оюутан цэрэг/


 

 

 

-Би АНУ-ын Америкийн их сургуулийн оюутан. Харин цэрэгт тавдугаар ротын дөрөвдүгээр салаанд бэлтгэл сургуулилт хийсэн. Өнөөдөр тангарагаа өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна. Яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болсон бэ гэвэл нэгдүгээрт иргэнийхээ үүргийг гүйцэтгэж байна. Хоёрдугаарт цэргийн алба хаана гэдэг миний мөрөөдөл байсан. Олон зуун жилийн түүхтэй, Чингис хаан, Хүннүгийн үеэс уламжлалтай ардын арминд зүтгэнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг байсан. Бид буудлага хийж, базукаар буудаж, сонс эргэж сурсан. Өөр олон зүйлийг сурлаа. Анх нэгхэн километр гүйгээд бахарддаг байсан бол одоо 30 гаруй километрт торохгүй маршид гүйдэг болсон. Тэгэхээр эр цэргийн алба гэдэг бол тэсвэр тэвчээрийн алба байдаг юм байна. Эхлээд АКА 47 буугаар буудахад зүрх савлаад бие чичрээд үнэхээр эвгүй санагдсан. Залуу хүмүүс бидний ойлгодог буунаас шал өөр байсан шүү. Эхэндээ чих дүнгэнээд л юм сонсож чаддаггүй байлаа. Хоёр дахь, гурав дахь буудлагаас гайгүй болж эхэлсэн.

 

 

 

Б.Аюуш: Онц байлдагч болж чадсангүй

/оюутан цэрэг/


 

 

-Эр хүн болсныхоо хувьд цэргийн алба хааж, тангараг өргөж байгаадаа баяртай байна. Оюутан цэргийн алба нийт дөрвөн сар үргэлжилсэн. Хоёр сар нь  онолын мэдлэг, үлдсэн хоёр сард нь Шархад дахь хээрийн павилонд бэлтгэл базаасан. Энэ хугацаанд хувь хүний хөгжил болоод эр цэрэг болох эхний алхмаа хийсэн гэж би хувьдаа бодож байна. Дөрвөн сарын хугацаанд маш шаргуу, үр бүтээлтэй зүтгэсний эцэст “буудагч” мэргэжилтэйгээр төгсөж байна. Онц байлдагчаар хараахан төгсөж чадсангүй. Гэхдээ ганц, нэг удаа мэргэн буудсан тохиолдолд байгаа. Цэргийн албаны сурахад хэцүү зүйл нь сонс эргэх. Миний хувьд сонс эргэж бүрэн сураагүй. Гэхдээ бага зэрэг оролдож сурсан.

 

Ц.Тэлмүүн: Сэтгэлийн хаттай боллоо

/оюутан цэрэг/


 

 

-Би дөрөвдүгээр рот хоёрдугаар салааны байлдагч. Манай ротын залуусын хувьд дөрвөн сарын хугацаанд зарим нь жин хассан, тамхинаас гарсан гээд олон л өөрчлөлт гарсан. Харин миний хувьд маш их сэтгэлийн хаттай  болсон. Мөн бие бялдар маш сайн хөгжсөн. Би нэг удаа онц буудсан, гүйлтийн бэлтгэлд сайн байсан шүү.  “Оюутан цэрэг” хөтөлбөр хүний зан чанарт маш их нөлөөлсөн гэж би бодож байна. Учир нь бид зөвхөн өөрийгөө боддог байсан бол хүнд, хэцүү нөхцөл найз нөхдөө бодож, тэдэндээ тусладаг болсон.

 

-З.Ширчин: Сонс эргэх их хэцүү

/оюутан цэрэг/


 

 

-БИ ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хүнийг хэрхэн хүндлэх, хэрхэн харилцах зэрэг маш олон давуу талыг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Харин сонс эргэж сураагүй учраас 80 гаруй хувьтай л төгслөө.  Хамгийн хэцүү нь сонс эргэх. Энэ завшааныг ашиглаад Булган аймагт суугаа эмээ өвөөдөө энэ өдрийн мэнд хүргэе. Өсгөж түрүүлсэн ээж, аавдаа баярлалаа.

 

Оюутан цэргүүд:

 

Монгол Улсын иргэн би

Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн

Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж

Өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон

Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг

Амь бие үл хайрлан

Батлан хамгаалахаа

Эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би:

Ард түмнийхээ үндэсний эв нэгдэл

Монгол төрийн шилдэг уламжлалаа

Эрхэмлэн хүндэтгэж

Цэргийн эрдэмд шамдан суралцаж

Улсын нууцыг найдвартай хадгалж

Монгол Улсын хууль

Цэргийн дүрмийг чанад сахин биелүүлэхээ

Батлан тангараглая

Эх орноо батлан хамгаалагч дайчин бид

Өргөсөн тангарагаасаа няцваас

Төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ хэмээн тангараг өргөв.

 

 

Ийнхүү дөрвөн сарын хугацаанд цэргийн эрдэмд бэлтгэгдсэн эх орны хөвгүүд ижий аавдаа буцлаа. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгож  гэртээ харих ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zo:
ene elbegdorjiin hiisen onovchtoi zuiliin neg mun
2016-08-12