Симона Байлс: Би шинэ Болт, шинэ Фелпс ч биш, би зүгээр л Байлс

Спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн багийн болон хувийн олон төрөлд аваргалсан АНУ-ын 19 настай тамирчин бүсгүй Симона Байлс Рио-Де-Жанейрогийн олимпийн тэргүүн зэргийн оддын тоонд зүй ёсоор орон олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Спортын гимнастикт сүүлийн жилүүдэд тасархай ноёлох болсон тэрээр өөрийг нь домогт хөнгөн атлетикч Усэйн Болт, усанд сэлэгч Майкл Фелпс нартай харьцуулахыг хүсдэггүй аж. Гэхдээ л даруухан америк бүсгүй спортын гимнастикийн ганцаарчилсан төрлүүдэд аваргалан алтан медалийн тоогоо ахиулан түүхэнд нэрээ мөнхлөх нь дамжиггүй гэнэ.
Симона Байлс хувийн олон төрөлд аваргалаад сэтгүүлчдэд “байцаагдахдаа”, “Аварга болсноо ойлгоод би тогонд цохиулах шиг л болсон. Зорьсондоо хүрч чадлаа гээд би тэр мөчид үнэхээр аз жаргалд умбасан. Үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Би бүх цаг үеийн шилдэг эмэгтэй гимнастикч мөн гэж үү? Энэ асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө л хариулах байх. Харин би энэ тухай бодохгүй байхыг хичээдэг. Би зүгээр л спортын гимнатискт хайртай. Үүндээ бүхнээ зориулдаг, зориулахаар ч байх болно” гэжээ.
Симона Байлс АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод 1997 оны гуравдугаар сард төржээ. Тэрээр долоон ах эгчтэй аж. Бага байхад нь түүний ээж архинд гүн орсон тул өвөө эмээ нь өөр дээрээ аван өсгөн хүмүүжүүлжээ. Спортын гимнастикт хөл тавиагүй бол түүний амьдрал ямар хүнд хэцүү замаар явах байсныг төсөөлөхөд ч бэрх. Иймээс ч энэ бүсгүй хар бараан амьдрал руу хазайгаагүйдээ баярлан ийн үргэлж инээмсэглэж явдаг биз ээ.
Түүнд спортын гимнастикийн гайхамшгийг нээсэн хүн бол түүний анхны дасгалжуулагч Эйми Бурман. Одоо ч Симона Байлсыг дасгалжуулсаар буй тэрээр шавийнхаа сэтгэл санааны байдал болохоо байсныг мэдрэн 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэдхэн сарын өмнө эрчимтэй бэлтгэлээс чөлөөлөн амрааж байжээ. Тэр цагаас хойш тамирчин бүсгүй долоо хоног бүр сэтгэл судлаачид үзүүлдэг болсон аж.
Эмэгтэй спортын гимнастикт жинхэнэ хувьсгал хийсэн гэгддэг Симона Байлсыг хэдийнэ арван удаагийн дэлхийн аварга болсон билээ. Одоо тэрээр Олимпоос таван алтан медаль авч түүхэн дээд амжилтад хүрэхийг эрмэлзэж байна. Түүнээс өмнө спортын гимнастикийн домог, Румыны алдарт Надя Команечи 1976 оны Монреалийн олимпод гурван алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль авч байсан бол ЗХУ-ын Лариса Латынина 1956 оны Мельбурны олимпод дөрвөн алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Спортын гимнастикийн мэргэжилтнүүд Симона Байлсыг байгалиас заяасан төгс тамирчин, дахиж төрөхөд ховор гимнастикч гэж үздэг аж. Тэрээр спортын гимнастикийг бусад тамирчдын нэг нь ч хийж дөнгөхгүй хүнд элементүүдээр баяжуулсан гавъятан гэнэ.
Энэ сарын 19 хүртэл ганцаарчилсан төрлүүдэд өрсөлдөх түүнийг спортын гимнастикийн түүхэнд шинэ хуудас нээх эсэхийг спортын хорхойтнууд тэсч ядан хүлээж байгаа нь дамжиггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ