О.Балжинням: Гурван медаль авах зорилготой очсон

“Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ. Энэ үеэр жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, О.Балжиннямтай цөөн хором ярилцлаа.
-Баг, тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Манай тамирчид боломжоороо сайн барилдсан. Л.Отгонбаатар, М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар маань шагналт байранд шалгарсан амжилт үзүүллээ.
-Хичнээн медаль авах зорилготой Бразилд очсон бэ?
-Бид гурван медаль авах зорилготой Рио Де Жанейро хотод очсон. Зорьсондоо хараахан хүрч чадсангүй. Гэхдээ нэг мөнгөн медаль, хоёр шагналт V байр, нэг VII байрын амжилттай ирлээ.
-Л.Отгонбаатарын биеийн байдал ямар байгаа вэ?
-Бразилд гурван цагийн хагалгаанд ороод одоо бие нь сайжирч байгаа. Энэ сарын 24-нд эх орондоо ирнэ. Манай Л.Отгонбаатар гарцаагүй медаль авах байсан ч шөрмөсөө тасалсан учраас сүүлийн нэг минутад ялагдсан нь харамсалтай.
-Уранцэцэг, Цогтбаатар нар буруу барьц аваад харамсалтайгаар ялагдсан. Энэ барилдааны талаар та юу хэлэх вэ?
-Хүүхдүүд маань сайхан л барилдсан.
-Тааруухан барилдсан жүдочдод цагийн зөрүү нөлөөлөв үү?
-Бразил, Монгол хоёр улс хоорондоо 12 цагийн зөрүүтэй. Цагийн зөрүү жаахан нөлөөлсөн тал бий.
-Тамирчид цог золбоогүй байна гэж үзэгчид ярьж байсан. Цагийн зөрүүнээс шалтгаалсан ядралт байв уу?
-Цагийн зөрүүнд дасна гэдэг хүнд байсан. 12 цагийн зөрүүнд дасна гэдэг тийм амар зүйл биш. Тийм ч учраас бид 10 хоногийн өмнө очсон. Хэдий тэндхийн цагт дассан ч гэсэн монголдоо байгаа шиг орчин бүрдээгүй. Тийм болохоор цагийн зөрүү нөлөөлсөн байж магадгүй юм.
-Д.Сумъяагийн барилдааны талаар?
-Д.Сумъяа маань монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн түүхэн дэх анхны мөнгөн медалийг хүртэж, бахдам амжилт үзүүллээ. Алтан медаль авах боломж байсан ч алтын дайтай мөнгөн медаль авлаа.
-Аваргын төлөөх барилдааны шүүлтэд та ч бас сэтгэл дундуур байна уу?
-Д.Сумъяа маань дэлхийн эрэмбийг тэргүүлж оролцсон. Мөнгөн медалийн төлөөх хоёр дахь тойргийн барилдаанд маш сайн барилдаж 49 секундэд өрсөлдөгчөө буулган авсан. Алтан медалийн төлөө барилдааны дүрмэн дээр жаахан будлиан гарсан. Бичлэгийг сүүлд нь нягталж үзээд ялалтыг нөгөө талд өгсөн. Алтын дайтай мөнгөн медаль хүртсэн учраас сэтгэл дүүрэн байна.
-Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” нэртэй кино хийгдэж байгаа юм билээ?
-Киноны бүх үйл явцад миний бие оролцсон.Энэ киног санаачлан эхлүүлээд хийж байх явцад Д.Сумъяа маань мөнгөн медаль хүртсэнд ихэд бэлэгшээж байна. Кино маань их сайхан болсон болов уу гэж бодож байгаа. Энэ дашрамд киноны уран бүтээлчдэд баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ