“Рио 2016”: Итгэл өвөрлөсөн 43

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам XXXI дэх удаагаа Бразилийн Рио Де Жанейро хотноо болж өндөрлөлөө. Энэ сарын 5-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд манай тамирчид хэрхэн оролцсоныг тоймлон хүргэж байна. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчин өрсөлдсөн билээ.
Жүдо бөх:
Манай улсаас жүдо бөхийн төрөлд эмэгтэй зургаа, эрэгтэй долоон тамирчин зодоглосон. Үүнээс жүдо бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын Гавьяат Тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Мөн 66 кг-ын жинд барилдсан жүдоч Д.Төмөрхүлэг VII байр, 60 кг-ын жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг шагналт V байр, 90 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар шагналт V байр эзэлсэн амжилтаа манай жүдочид тэмцээнээ өндөрлүүллээ.
Байт харваа:
Олимпийн наадмын энэ төрөлд манай улсын тамиричн ОУХМ Ж.Гантөгс цэц сорьсон. Тэрбээр 664 оноогоор 24-р байранд жагссан.
Буудлага:
Энэ төрөлд манай улсын гурван тамирчин өрсөлдсөн. Улмаар МУГТ О.Гүндэгмаа 579 оноотойгоор 12-р байранд, Ц.Мөнхзул - 580 оноотойгоор 11-р байрт, Г.Нандинзаяа - 414.8 оноогоор 14-р байранд тус тус шалгарсан.
Бокс:
Риогийн рингэн дээр манай улсаас зургаан тулаанч хурд, хүчээ сорьсон. Улмаар 60 кг-ийн жинд тулалдсан “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлэв. Харин 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар ялагдал хүлээсэн билээ.
Хүндийг өргөлт:
Хүндийг өргөлтийн манай улсын хоёр тамирчин өрсөлдсөн. Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд хүч үзэж буй Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 106, түлхэлттэй өргөлтөөр 131 өргөж нийлбэр 237 оноотойгоор наймдугаар байрт бичигдсэн. Мөн энэ төрөлд өрсөлдсөн тамирчин Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзэллээ.
Усанд сэлэлт:
“Рио 2016” олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсын хоёр тамирчин өрсөлдсөн. Зуны XXXI олимпийн их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд “Хангарьд “спорт клубын тамирчин ОУХМ Б.Дөлгөөн 60 дугаарт бичигдсэн. Харин тус клубын тамирчин Б.Есүй 50 метрийн өврөөр даллах төрөлд 28.40 секундын амжилтаар өөрийн гараандаа хоёрдугаар байрт орсон. Нийт дүнгээр манай тамирчин 60 дугаарт орлоо.
Хөнгөн атлетик:
Энэ төрөлд манай улсаас 5 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд манай улсын тамирчин Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорилоо. Тамирчин Ц.Мөнхзаяа 2:43:55 амжилт үзүүлэн 72 дугаар байрт орсон. Мөн тус төрөлд хурд сорьсон Л.Отгонбаяр 2:45:55 секундын амжилтаар 85 дугаар барианд орлоо. Харин эрэгтэй марафон гүйлтийн тэмцээнд оролцсон Б.Сэр-Од 2:24:26 секундийн хугацаатайгаар 92 дугаар байрт барианд орж ирлээ. Мөн Д.Гантулга 2:27:42 секундийн хугацаагаар 107 дугаар байрт, Ц.Бямбажав 2:36:14 секундийн хугацаатайгаар 130 дугаар байрт барианд орж ирэв.
Таеквондо:
Зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцлоо. Тус тэмцээний 68 кг-ийн жинд Алдар спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин анх удаа олимпийн наадамд оролцож шилдэг наймд үлдсэн амжилтаар олимпийн наадмыг өндөрлүүлж байна.
Чөлөөт бөх:
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан энэ сарын 17-нд эхэлж, П.Орхон, О.Насанбурмаа нар зодоглосон. Анхны олимптдоо оролцсон ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд барилдаж Энэтхэгийн бөхөд оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин 69 кг-ийн жинд барилдсан О.Насанбурмаа Казахстаны бөх Эльмира Сыздыковад оноо алдаж, ялагдав. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан МУГТ С.Батцэцэг шигшээ наймын барилдаанд АНУ-ын бөхөд, 53кг-д өрсөлдсөн Э.Сумъяа эхний тойрогтоо Польшийн бөх Катарзына Кравцыктай барилдаж 8:6-аар ялагдал хүлээлээ. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдсан Э.Бэхбаяр, 74 кг-ийн жинд зодоглосон П.Өнөрбат, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат, Д.Хүдэрбулга, Г.Мандахнаран нарын тамирчин ялагдал хүлээв.
Ийнхүү манай улсын тамирчид нэг мөнгөн медаль, нэг хүрэл медалийн амжилтаар зуны XXXI наадмыг өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ