Обама Луизиана мужид айлчлав

АНУ-ын өмнөд хэсэгт орших Луизиана мужид өнгөрсөн долоо хоногт их хэмжээний аадар бороо орсоны улмаас үер буусан юм. Үерийн дараа тус мужийн захирагч Жон Эдвардс ирэх есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл онц байдал зарлажээ.
Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас хагас сая иргэн орон гэргүй болж, таван хүн амиа алдсан юм. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама Луизиана мужид ирж, үерээр орон гэрээ алдсан иргэдтэй уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Обама “Бид хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийг даван туулах болно” гэж хэлсэн байна.
Үерийн улмаас онцгой байдлын аврагчид 70 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан юм.
Олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Луизиана мужийн ихэнх хэсэг үерт автаж, замын хөдөлгөөн зогсоход хүрчээ. Орон сууц, албан байгууллагын нэг давхар, дэлгүүр усанд автжээ. Онцгой байдлынхан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг ашиглаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ