Д.Отгондалай: Эх орон руугаа маш их яарлаа

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Отгондалай өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэр бүл, хамаатан садан, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр болон хил хамгаалах байгууллагын хамт олон, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Боксын холбооныхон тосч авсан юм.
Д.Отгондалай “Эх орондоо ирээд маш их баяртай байна. Ойр дотны олон хүн тосч сэтгэл их хөдөлж байна. Олимпийн дэвжээнд анх удаа тулалдаад хүрэл медаль хүртлээ. Өмнө нь тоглож байсан тамирчидтай таарч, ялагдаж байсан тамирчнаа яллаа. Тэмцээн маань наймдугаар сарын 16-нд дууссан. Түүнээс хойш эх орондоо ирэхийг маш их хүлээлээ. Маш их яарлаа. Тоглож гарч ирээд ялагдсан мэдээг сонсоод хэцүү байсан. Залуу байгаа учраас дараагийнхаа тэмцээнд амжилт гаргахыг хүсч байна. Хожигдлыг тэр дор нь мартсан. Ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ базааж хичээх болно. Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, АПУ компани, бэлтгэл цуг хийдэг найзууд, дүү нар, үе үеийн мундаг багш нартаа маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ