Г.Мандахнаран: Медалиа буцааж авна
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос “Рио 2016” олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаранд алтаар медаль урлаж бэлэглэх таван өдрийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд цугларсан 20 сая төгрөг болон дурсгалын медалийг МУГТ Г.Мандахнаранд өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр МУГТ Г.Мандахнарангаас цөөн асуултад хариулт авлаа.
-Риогоос авч чадаагүй медалиа ард түмнээсээ авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Ард түмний сэтгэл шингэсэн энэ медалийг гардуулж өгч байгаа болон энэ ажиллагааг зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ах нартаа баярлалаа. Монголын ард түмэндээ баярлалаа. Ард түмэн минь хичнээн агуу уужим сэтгэлтэй юм бэ. Хүүгээ тайтгаруулах гэж, надад сэтгэлийн дэм өгч тусалж байгаад их баярлаж байна.
-Хүндхэн барилдаан болсон. Та барилдааны талаар бодлоо хуваалцах уу?
-Риогийн дэвжээнд барилдаж миний ялсныг бүгд мэдэж байгаа. Бас харсан шүү дээ. Цаг дууссанаас хойш торгох тухай заалт дүрмэнд байхгүй. Би 18 жилийн турш энэ спортод хүч хөдөлмөрөө зориулж, хичээллэсэн учраас дүрмийг мэдэхгүйгээсээ болсон гэх асуудал байхгүй.
-Таныг сүүлийн минутад зугтсан, барилдаан дуусаагүй байхад баярласан гэх шүүмж бий?
-Ямар ч спортод гоо зүй буюу үзэгч, шүүгчтэй харьцах, хүмүүсийн сэтгэлийг татах үйлдэл хийж болдог. Үүнийгээ илэрхийлж, миний баярласныг шүүгчид буруугаар эргүүлж, өөрсдийн талд оноо өгч луйвардаж медаль авсан. Үүнд маш их сэтгэл дундуур, гундуу байна. Гэсэн ч монголын ард түмнийхээ сэтгэлд маш их баярлаж байна.
-Медалиа буцааж авахаар тэмцэх үү?
-Луйвардуулсан медалиа буцааж авахын тулд бид олон улсын арбитрын шүүхэд хандана. Ингэхийн тулд надад туслах монголын чөлөөт бөхийн холбоо болон олон улсын олимпийн хороо, Монгол улсын Засгийн газар надад туслана байх гэж би маш их найдаж байна.
Түүнтэй ярилцсаны дараагаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуягаас хандивын талаар тодрууллаа.
Д.Алтанхуяг: 999 сорцтой шармал алтан медаль гардууллаа
-Хандивын аянаар нийт хичнээн төгрөг цугларсан бэ?
-Таван өдрийн аяны хүрээнд 19 хүн хандив өргөж, 20 сая 417 мянган төгрөг цугларсан. Энэ мөнгийг бүгдийг нь Г.Мандахнаранд гардуулан өглөө.
-Дурсгалын медалийн тухайд?
-Ард түмнээс цугласан мөнгийг бүгдийг нь Г.Мандахнаранд гардуулсан. Харин дурсгалын медалийг манай холбооны зүгээс бэлэглэж байгаа юм. Энэхүү медаль олон түмний сэтгэлээр бүтсэн учраас заавал мөнгөн дүн танилцуулах шаардлага байхгүй болов уу. Ямартай ч 999 сорцтой шармал алтан медаль.
-Та бүгдийн энэ үйлдлийг буруутгах хүн ч байна.
-Мандахнаран маань олимпийн дэвжээнд сайхан барилдсан. Үүнийг монголын ард түмэн бүгд харсан. Бөхийн спорт хүнийг сайхан төлөвшүүлдэг. Эр хүнийг бэлтгэж чаддаг гайхалтай спорт. Энэ спортын оргилд нь гарч дэлхийн аваргаас медаль авч олимпийн сүүлийн барилдаанд шалгарч барилдана гэдэг бол асар их хөдөлмөр. Г.Мандахнаран маань үнэхээр хэнийг ч гонсойлгоогүй сайхан барилдсан. Хэдий тийм боловч шүүгч нарын гаргасан шийдвэр шударга байж чадсангүй гэж бид үзэж байгаа. Хэдийгээр Риогийн олимпоос медалийг нь зүүж ирээгүй ч гэсэн дэлхийн олон оронд хайрлаж, хүндэлдэг тамирчныхаа амжилтыг ард түмэн нь үнэлдэг тодорхой жишиг байдаг. Үүний адил бид ч Г.Мандахнарангаа мялаая гэдэг санаачлага гаргасан.
-Ач холбогдол нь юу гэж харж байна вэ?
Тамирчин маань жаахан ч гэсэн урам авч, сэтгэлийн дэм өгсөн байх. Цааш цаашдын амжилтад нь нөлөөлөх байх. Өөр олон залуус энэ спортоор хичээллэнэ. Тэдэнд юу тохиолдохыг бид хэлж мэдэхгүй. Ямар ч тохиолдолд ард түмэн тамирчнаа хайрладаг, хүндэлдэг, ойлгодог шүү гэдгийг ирээдүйн тамирчид маань ч гэсэн мэдэж аваг гэж бид энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Ард түмэн ч идэвхитэй сайхан оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр “Бид эсэргүүцэл илэрхийлээгүй. Г.Мандахнаран сайн барилдсан учраас энэхүү медаль гардуулах арга хэмжээг дэмжиж байна. Ер нь холбооны удирдлагууд бүгд Г.Мандахнаранг дэмжиж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ