Медалийн буухиаг үргэлжлүүлэх НАЙМ

Бразилын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам ирэх сарын 7-нд эхлэх гэж байна. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө. Ингээд тамирчдыг танилцуулж байна.
Байт харваа
Д.Баатаржав
Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрхээ ХБНГУ-д зохион байгуулагдсан пара байт харвааны тэмцээнд амжилттай оролцож авсан. Манай тамирчин 1/48 шигшээ харваанд гоц мөргөж, 1/32-д Малайзын тамирчин Суреш Тангвеллог 6:2, 1/16-д БНСУ-ын тамирчин Лее Хонг Гуг 7:1 онооны харьцаагаар ялалт байгуулсан билээ. Ийнхүү тэрбээр хоёр дахь олимпдоо оролцох гэж байна.
Б.Оюун-Эрдэнэ
Өнгөрсөн зургадугаар сард Чех улсад Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн болсон. Энэ тэмцээний рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Б.Оюун-Эрдэнэ түрүүлж, “Рио-2016” паралимпийн эрх авсан билээ. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр удаах даваануудад Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар алтан медалийн төлөөх харваанд Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж, Риог зорих эртэй болсон юм.
А.Анхбаяр
Өнгөрсөн онд Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн болсон. Энэхүү тэмцээнээс “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авсан билээ.
Жүдо бөх
А.Мөнхбат
2014 онд АНУ-ын Денвер хотод пара жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан манай тамирчин А.Мөнхбат олимпийн эрх авсан билээ. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпод оролцож байсан тамирчин юм.
Б.Ууганхүү
2014 онд АНУ-ын Денвер хотод пара жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Б.Ууганхүү амжилттай оролцож олимпийн эрх өвөртөлсөн юм. Тэрбээр мөн “Инчён-2014” Азийн пара наадмын өнөөдөр явагдсан жүдо бөхийн төрлөөс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдан медаль хүртэж байсан тамирчин юм.
Буудлага
З.Ганбаатар
Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар 2016 оны паралимпийн анхны эрхийг хүртсэн билээ. Тэрбээр Герман улсын Зуль хотод болсон пара буудлагын дэлхийн аваргын тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд өрсөлдөж 524 оноогоор финалд шалгарч улмаар шигшээ буудлагад долдугаар байр эзэлснээр Рио-2016 паралимпийн эрхээ авсан юм.
Хөнгөн атлетик
Г.Цогтгэрэл
Бразилийн Рио Де Жанейро хотноо болох паралимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Г.Цогтгэрэл оролцох юм. Тэрбээр бэлтгэлийнхээ талаар “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Тиймдээ ч өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм” хэмээсэн юм.
Пауэрлифтинг
Э.Содномпилжээ
2015 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн болсон. Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Содномпэлжээ оролцож, мөнгөн медаль хүртсэн билээ. Улмаар паралимпийн эрх өвөртөлсөн юм.
Ийнхүү Бразилын Рио де Жанейро хотноо болох паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох найман тамирчиндаа амжилт хүсье. Тэд энэ долоо хоногт Бразилыг зорихоор бэлтгэж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ