Дилма Руссефф огцорлоо

Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссеффийг албан ёсоор огцруулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Сенатын танхим санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргасан байна.
Сенатын 61 гишүүн Ерөнхийлөгчдөө дахин итгэл хүлээлгэх боломжгүй хэмээн мэдэгдсэн бол харин 20 гишүүн эсрэг санал өгчээ. Уг шийдвэрийн дараа Дилма хэвлэлийнхэнд “Би маш их харамсч байна. Тэд шийдвэрээ эргэн хараасай хэмээн хүсч байна. Би ард түмнээ хуураагүй. Би өөрийгөө буруугүй гэдгээ батлах болно” гэж хэлжээ.
Дилмаг төсвийн мөнгийг хувьдаа завшиж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн үзэж, сенат өнгөрсөн тавдугаар сард түүнийг албан тушаалаас нь түр огцруулсан билээ. Сенатын шийдвэрийг эсэргүүцэн Дилмагийн дэмжигчид томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч Ерөнхийлөгчөө албан тушаалд нь үлдээж чадаагүй юм.
Дэд ерөнхийлөгч Мишель Темер дараагийн ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах хүртэл энэ албыг хашихаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ