Б.Тэгшбаяр дахин аваргаллаа

Өнгөрсөн долоодугаар сард Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр дахин хоёр тэмцээнд аваргалжээ.
Тодруулбал, есдүгээр сарын 11-нд Швейцарь улсад болсон ханан тойргийн уралдаанд оролцож аварга болсон байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсад болсон "Prix cycliste de Marchaux" 98 км-ийн уралдаанд амжилттай оролцож аваргалжээ. Улмаар аравдугаар сарын 10-нд засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
Б.Тэгшбаяр нь “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга болоод байна. Монголын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ юм.
Түүнд Европын нэртэй мэргэжлийн дугуйн багууд 2017 оноос гэрээ байгуулж ажиллах санал тавьсан талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ