Э.Содномпилжээ нар 30 сая төгрөгөөр шагнуулна

Бразилийн Рио де Жанейро хотноо паралимпийн XV наадам болж өндөрлөлөө. Тус наадамд манай улсын найман тамирчин оролцсоноос жүдо, пауэрлифтингийн төрлөөр хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн билээ. Тамирчид эх орондоо ирлээ.
Паралимпийн жүдо бөхийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн. Мөн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон юм.
Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчин, дасгалжуулагчийг шагнах Засгийн газрын 208 дугаар тогтоол бий. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид сар бүр мөнгөн урамшуулал хүртдэг болсон. Энэхүү урамшууллыг паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нар мөн хүртэх эрхтэй билээ.
Олимпийн наадмаар өндөр амжилт гаргасан тамирчинд төрөөс мөнгөн урамшуулал олгох тогтоолоор:
- Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
- Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
- Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай.
Жүдоч Б.Ууганхүүгийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Ш.Энхсайхан ажилласан. Иймд тэд нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн шагнал авах бол дасгалжуулагчид тэрхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг улсаас олгох аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ