Долоон настай хүү нас барсан хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Хохирогч Т эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 7-нд 00.00 цагийн орчимд нас баржээ.
Тус хэрэг энэ сарын 6-нд 16.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд гарчээ. Тус сумын ... тоотод оршин суух долоон настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэх дуудлагаар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэрэг болсон газарт очсон байна. Улмаар хэргийг шалгаж урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
Хохирогчийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байжээ. Улмаар сэжигтэн С, дотно харилцаатай Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д захиалга өгч хүүг хөнөөлгөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Ингэхдээ С гэгч нь сэжигтэн Б-д эд хөрөнгө өгнө гэж амлаж, ятгасан нь байцаалтаар тогтоогджээ.
Одоогоор Б, Ц нарыг сэжигтнээр татан Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа юм байна.
Хэргийг үйлдсэн Б-нь 1998 онд төрсөн 18 настай. Мөн 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 зааснаар хоёр жил хорих ялаар шийтгүүлэн ял хойшлогдоод /тэнсэн харгалзах ялтай/ байжээ. Харин хохирогчийн амь насыг хохироох захиалга өгсөн гэх сэжигтэн С, хүүхэдтэй байсныг эх сурвалж хэлж байна.
Г.Тэгшсүрэн