Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв
2016-09-27

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг хийв.

 

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар, СЕХ-ны мэргэжилтнүүд, төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцлоо.

 

 

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсээр хэлэлцүүлэх нь зүйтэй юм гэж үзээд та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийг 2016 оны 2 дугаар сард байгуулж ажиллуулсан. Швейцарийн талаас ирүүлсэн санал дээр мөн ажлын хэсгийнхэн ажилласан” гэлээ.

 

 

Хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүн хуульч А.Алтанзул, Х.Номингэрэл нар хийж, хуулийн төслийн талаарх Үндсэн хуулийн судлаачдын хууль зүйн дүгнэлтийг доктор Ч.Энхбаатар танилцуулсан юм.

 

 

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль нь иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг иргэдийн санаачлагаар хэрэгжүүлэх үндэслэл, иргэд хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлах, ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах зарчим, журам, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлох, санал асуулгыг бэлтгэх, зохион байгуулж явуулах, санал асуулгын үр дүнг хэлбэржүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг зорилтыг агуулсан байна.

 

 

Хуулиар иргэдийн санаачлагаар УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, эсвэл ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах, санал асуулгын дүнг шийдвэрлэгдсэнд тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

 

 

УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх саналыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх аж. Ард нийтийн санал асуулгыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх бол орон нутгийн санал асуулгыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугч тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

 

 

 

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдэж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Shuud.mn
Сонин хачин