Манай улсын оюутны шигшээ баг аваргалжээ

Энэ сарын 18-25-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тус наадамд манай улсын шигшээ баг аваргалсан юм. Энэ талаар Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичиг Д.Жаргалсайхан болон баг, дасгалжуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай улсын оюутны шигшээ баг 12 тамирчин, таван дасгалжуулагчтай тэмцээнд оролцсон бөгөөд амжилтад сэтгэлзүйч эерэг нөлөө үзүүлсэн тухай дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв хэлж байна. Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг тод харуулж чадсан үйл явдал боллоо. Бидэнд маш том боломж, чадвар байгаа гэдгийг эндээс харж байна. Энэ амжилт бүгдийн хичээл зүтгэл байсан. Мөн МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш, докторант Б.Золзаяа баг тамирчидтай ойр ажилласан. Баг тамирчдаа сэтгэл зүйчтэй их ойр байлгаж чадсан нь амжилтанд хүрэхэд эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна” хэмээн ярив.
Уг тэмцээнд манай улс 2006 оноос хойш тамирчдаа 4 удаа явуулж байжээ. Өмнө нь энэхүү тэмцээнээс Монгол улс 2 удаа хүрэл медаль хүртсэн бол энэ удаад аваргалсан юм. Эх орондоо зохион байгуулах эрхийг өнгөрсөн оны тавдугаар сард авчээ.
Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид оролцсон байна. Тэмцээний мөнгө, хүрэл медалийг Тайвань, Хятадын баг хүртжээ.
Тус тэмцээнийг Азийн оюутны спортын холбоо, БСШУСЯам, Зохион байгуулах хороо, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ), Монголын сагсан бөмбөгийн холбооноос эрхлэн зохион байгуулсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ