
Татварын тогтолцооны шинэчлэлийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үр шимийг иргэд хүртэж эхэллээ. Тухайлбал 2007 онд орон сууц худалдан авах болон сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөөр 805 сая төгрөгийг иргэдэд буцааж олгосон бол 2011 онд 4,9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдсэн талаар Нийслэлийн татварын газрын дарга С. Энхбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээллээ.
Сүүлийн 4 жилд хөнгөлөлт чөлөөлөлт байнга нэмэгдэж буйг татварын хөнгөлөлтийн буцаан олголтын үнийн дүн 8 дахин нэмэгдснээс харж болно гэв. Иргэдэд нэн хэрэгтэй энэ мэдээллийн сацуу нийслэл хотод хийгдэх ажлуудын талаар уламжлал ёсоор ярилцав.
Энэ сарын 13 наас 15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган зохиогдоно. Чуулганд 6 улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцох юм. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдсан байна. “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биенээсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг байна. Энэхүү холбоонд Улаанбаатар хот 1998 онд элссэн аж. 15-р чуулганд манай талаас УБ дулааны сүлжээ, УБ цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн агаарын чанарын албанаас илтгэл тавихаар төлөвлөжээ.
Жил бүр тогтмол зохион байгуулдаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Лондон-2012-Олимп” өвлийн өдөрлөг 1 дүгээр сарын 14 нд Хандгайтын “Янзага” зусланд зохиогдох тухай мэдээллийг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж. Ганболд мэдээлэв. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл дүүргүүдтэй хамтран СӨХ-үүдийн ажил байдлыг шалгахаар болжээ. Түвшин тогтоох энэхүү үзлэг энэ сарын 15 наас эхлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж гүйцэтгэснээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд 1 дүгээр сарын 24 нөөс шалгуулна. Энэ мэт цаг үеийн асуудлыг хэлэлцсний дараа Хотын дарга Г. Мөнхбаяр уламжлал ёсоор ирэх өдрүүдэд хийгдэх ажлуудын талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ