Шинзо Абен бүрэн эрхийн хугацааг сунгана

Японы эрх баригч Либерал-ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, зургаан жил байсан намын даргын бүрэн эрхийн хугацааг сунгаж, есөн жил болгохоор хэлэлцэж эхэлсэн талаар “NHK” агентлаг уламжлав. Тус намын даргаар Ерөнхий сайд Шинзо Абе ажилладаг юм. Тэрбээр 2012 онд эрх баригч намын даргаар сонгогдсон билээ. Хэрвээ уг санал дэмжигдвэл намын дарга гурван удаа улиран сонгогдох боломжтой болно.
Абе ирэх 2018 оны есдүгээр сард огцрох билээ. Дээрх санал хүчин төгөлдөр болбол тэрбээр 2021 он хүртэл Засгийг тэргүүлэх юм. Эрх баригчид намын даргын бүрэн эрхийг хугацааг сунгахаар болсон шалтгаанаа “Токио 2020” олимпийг амжилттай байгуулахын тулд Засгийн газрын тэргүүнийг бүрэн эрхийн хугацааг сунгах нь хамгийн зөв. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах нь бидний өмнө тулгараад буй хамгийн чухал ажил болоод байна” гэж мэдэгджээ.
Ирэх оны гуравдугаар сард эрх баригч намын их хурал болно. Уг хурлын үеэр намын гишүүдийн саналаар “Гурван бүрэн эрх-есөн жил” зарчмыг баталгаажуулах эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ