АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч хэн бэ

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Ийнхүү америкчууд тун удахгүй 45 дахь Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоныг мэдэх болно. Шинэ Ерөнхийлөгч хэн байх нь америкчуудаас гадна олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Ерөнхийлөгч хэн болсноос олон улсад өрнөж буй асуудлууд хаашаа явах болон эргэх нь тодорхой болно.
Дэлхийн хамгийн хүчирхэг улсыг 2020 он хүртэл тэргүүлэх эрх мэдлийн төлөө эрх баригч Ардчилсан намаас Хилари Клинтон өрсөлдөж буй бол сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас Дональд Трамп нэр дэвшиж байна. Хилари тус улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эмэгтэй бол Трамп ямар ч хүн улстөрч болох боломжтойг харуулж буй юм.
Хилари “Хилари Америкийн төлөө” гэх уриан дор сонгуулийн кампинат ажлаа явууллаа. Тэрбээр Ерөнхийлөгч болбол цалин нэмж, өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан “Обамагийн халамж” эрүүл мэндийн үйлчилгээг илүү сайжруулахаа амласан. Хилари мөн олон улсын толгойны өвчин болоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахаа мэдэгдэж, Ойрхи Дорнодыг хямралаас гаргахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байна.
Харин түүний өрсөлдөгч Трамп “Хүчирхэг Америкийн төлөө” гэх уриатайгаар Ерөнхийлөгчийн суудлын төлөө хүч үзэж байна.
Трамп Ерөнхийлөгч болбол Америкийг заналхийлээд буй “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөөгөө олон улсад танилцуулж, АНУ-ын олон улсад тавиад буй өрийг дуусгаж, эх орноосоо исламын шашинтнуудыг албадан гаргах, цаашлаад исламын шашинтай улсын иргэдэд виз олгохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн тэрбээр Ерөнхийлөгч болсон эхний өдрөөсөө Мексиктэй хиллэх хил дээрээ хана босгох ажлыг эхлүүлэх болно гэв.
Тэрбээр “Миний төлөвлөгөө хэтэрхий хатуу сонсогдож байгаа ч надад Америкийн хойч үеийг хамгаалах энэнээс өөр сонголт олдсонгүй. Хэрвээ “Хилари Ерөнхийлөгч болбол Америкт өдөр бүр халдлага гарч, Сирид дэлхийн III дайн дэгдэх болно” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа Хилари “Хатуу зөөлнөө бус зөөлөн хатуугаа дийлдэг. Энэ улсыг зоосны нүхээр харж буй хүн хэзээ ч шилдэг удирдагч болж чадахгүй. Трамп Ерөнхийлөгч болбол түүний хөрөнгө л өсөх болно. Харин америкчуудынх бус” гэсэн юм.
Энэ удаагийн сонгуульд иргэд идэвхгүй оролцох магадлалтай байгааг “CNN” агентлаг мэдээлэв.
Америкийн өдөр тутмын хэвлэлүүд “Трампийн эмэгтэйчүүдийг доромжилсон бичлэг, Хиларигийн цахим шуудангийн асуудлаас болж тэдэнд итгэх иргэдийн оролцоо багассан. Тиймээс энэ удаагийн сонгууль 2008 оных нь 50-21 хувьтай явагдах өндөр магадлалтай байна” гэж мэдээлжээ.
Тус улсын түүхэнд 1952, 1960, 1968 оны сонгуульд иргэд хамгийн идэвхтэй оролцжээ. Нийт иргэдийн 60 дээш хувь нь саналаа өгчээ. Харин 2008, 2012 оны сонгуульд нийт иргэдийн 52-54 хувь нь саналаа өгч, иргэдийн идэвх буурсан байна.
Олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарынхан сонгууль эхлэхээс нэг долоо хоногийн өмнө иргэдийн дунд урьдчилсан санал асуулга явуулсан билээ.Санал асуулгын дүнг байгууллагууд танилцуулаагүй бөгөөд Ардчилсан намыг хөх өнгөөр харин Бүгд Найрамдах намыг улаан өнгөөр дүрсэлж, сонгогчдын саналыг өнгөөр дүрслэн үзүүлсэн юм.
Вашингтон, Орегон, Калифорни, Нью Мексико, Иллинойс, Мичиган, Жоржиа, Миннесота зэрэг мужууд хөх өнгөтэй байгаа бол Монтана, Идахо, Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Кансас, Оклахама, Аркансас, Миссиппи, Албама, Кентуки, Өмнөд Карилона зэрэг мужууд улаанаар тэмдэглэгдсэн байна.
Гэхдээ энэ мужуудад намын идэвхтнүүд олноороо амьдардаг учир өнгө нэг талыг барьсан хандлагатай байгаа. “Сонгуулийн дүн л хэн Ерөнхийлөгч болохыг тогтооно” хэмээн улстөрч судлаачид байр сууриа илэрхийллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хилари бол жинхэнэ улстөрч. Энэ хатагтай АНУ-ыг зөв зам руу явуулах болно. Учир нь түүнд асар их туршлага бий. Түүний нөхөр Ерөнхийлөгч байсан. Тэрбээр мөн Төрийн нарийн бичгийн дарга байсан. Харин Трамп ямар ч туршлагагүй зүгээр л нэг бизнесмэн. Тэрбээр мөнгийг үржүүлэхээ сайн мэддэг ч улсыг яаж удирдахаа мэдэхгүй. Хэрвээ энэ эрхэм ялалт байгуулвал АНУ буруу замаар алхаж эхэлнэ” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ