Доллар өссөөр л байна, хэд хүрэх юм бол
2016-11-09

 

Саяхан л 2000 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өдрөөр өсч, одоо 2400-г даваад явчихлаа. Энэ байдлаараа өсөөд байвал нэг их удахгүй 2500 төгрөгт хүрэх нь. Зарим хүмүүс бүр 3000 төгрөгт ч хүрч магадгүй гээд муу ёрлоод байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлаар бол энэ муу ёрлолт биш, бодит байдал ч болж магадгүй байна. Эхлээд ам.долларын ханш яагаад өсөөд байгаа шалтгааныг хайя. Монголбанкнаас бол улирлын шинж чанартай өсөлт гэсэн тайлбар өгч байгаа. Мэдээж өмнө жилүүдийн статистик тооноос харахад, намрын улиралд ам.долларын ханш өсч байж.

 

Түүнээс гадна ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт маш ихээр нөлөөлж байгаа гэх. Бүх хүн ам.доллар өснө гээд л нэг талдаа гарчихаад, эрэлт нь ихсээд байвал өсч таарна. Одоо бол яг ийм нөхцөл байдалд байна. Ерөөс тэгэхээс өөр яах билээ. Угаасаа манай улс руу гаднаас орж ирэх валютын урсгал гэж алга. Монголбанкнаас өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр буюу есдүгээр сарын 30-ны байдлаар төлбөрийн тэнцэл -232 сая ам.доллар байгаа аж. Валютын орох урсгал нь багасгаад гарах урсгал их байна гэсэн үг. Экспортын орлого буурсан, гадны тусламж, Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх зэргээр валют орж ирэхгүй байна.

 

Харин импортын төлбөр, хүмүүсийн аялал зугаалга, гадаад явж эмчилгээ хийлгэх зэргээр гадагшаа валют урссаар л. Ердөө л ганц хоёрхон тоо дурьдахад, валютын гарах урсгал ямар байгаа нь харагдана. Тухайлбал, 2015 оны байдлаар уул уурхайн машин техник, тоног төхөөрөмж авахад 749 сая ам.доллар гадагш гаргаж. Мөн монголчууд гадаадад явж аялахдаа 250 сая ам.долларыг эх орноосоо гаргажээ. Ердөө л энэ хоёр салбар нийлээд Монголоос нэг тэрбум ам.долларыг авчихаж. Гэтэл өнгөрсөн жил Монгол Улс зэсийн баяжмалаа гадагш гаргаж, 2.2 тэрбум ам.доллар оруулж ирсэн байна.

 

Үүнээс өөрөөр манай улс руу ам.доллар орж ирэх урсгал байгаа бил үү. Тун цөөн. Ойрын үед лав гаднаас их хэмжээний валют орж ирэх дүр зураг харагдахгүй байна. Ийм байхад ам.долларын эрэлт их байхгүй гээд яах билээ. Өснө гэсэн хүлээлт нэмэгдэхгүй байх ч аргагүй.  Эцсийн дүндээ төлбөрийн тэнцэл ашигтай гарч, орох урсгал нь сайжирч байж л ам.долларын ханш буурна шүү дээ.

 

Хэн ам.долларын ханшийг бууруулах ёстой вэ

 

Ам.долларын ханш тэнгэрт туллаа, хэцүүдлээ, арга хэмжээ аваач ээ гээд л амтай болгон хашгирч байна. УИХ-ын гишүүд ч гэсэн энэ талаар ярьж, Монголбанк руу давшилж байгаа. Гэхдээ энд ам.долларын ханшийг хэн бууруулах ёстой вэ.  Одоохондоо энэ асуултад хүн бүр, бүр УИХ-ын гишүүд хүртэл Монголбанк гэж хариулах байх. Монголбанк тийм үүрэгтэй юу гэвэл тийм. Төгрөгийн ханшаа хамгаалах л ёстой.

 

Гэхдээ Монголбанк ажлаа хийгээгүй биш хийсэн. Бодлогын хүүгээ нэмлээ, саяхныг хүртэл боломжоороо л ам.доллар зах зээлд нийлүүлсэн. Түүний хүчинд өнөөдөр ам.долларын ханш 2400 даваад явж байгаа болов уу. Хэрвээ бодлогын хүүгээ нэмээгүй бол яах ч байсан юм билээ.

 

Одоо бол Монголбанкинд хийж чадах юм бараг байхгүй. Ам.долларын нөөц гэж 1.2 тэрбум байгаа нь байгаа. Энэ нь Монгол Улсын гурван сарын импортын л төлбөр. Улс яаж ч хэцүүдэж байсан гаднаас авах шатахуун түлшнээс авахуулаад хэрэгтэй зүйлээ авах мөнгөтэй байх ёстой биз дээ. Тиймдээ ч Монголбанкны Ерөнхийлөгч ам.долларын нөөцөө 1.2 тэрбумаас доош оруулахгүй гээд байгаа. Угаасаа тэгэхээс биш яах билээ.

 

Ингэхээр Монголбанкинд одоо интервенци хийх ам.доллар байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдэд 7-8 их наяд төгрөгийг зарцуулсан. Үндсэндээ мөнгийг цацсан гэсэн үг. Энэ их мөнгөний ихэнхи нь гадагшаа ам.доллар болоод л гараад явчихсан гэхэд болно. Тиймээс Монголбанк дөрвөн жилийн хугацаанд зургаан тэрбум ам.доллараар интервенци хийсэн талаар өөрсдөө мэдээлэл өгсөн юм.

 

Ингээд л одоо интервенци хийх ам.долларгүй болчихлоо. Одоо тэдэнд дахиад бодлогын хүүгээ өсгөх л боломж үлдсэн байх. Гэхдээ “Дан ганц мөнгөний бодлогоор төгрөгийн ханшийг хамгаалах боломжгүй” гэдгийг тэд өөрсдөө хэлээд байгаа. Тиймээс одоо УИХ, Засгийн газар л ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, валютын орох урсгалаа сайжруулах хэрэгтэй.

 

Монгол Улсын экспортын орлогын 87-90 хувийг уул уурхай бүрдүүлж байна. Ингээд  үзвэл Монгол руу орж ирж байгаа валютын урсгалыг уул уурхай л бүтээж байна шүү дээ. Тиймээс томоохон төслүүдээ хурдан хөдөлгөх хэрэгтэй байгаа юм. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтаа сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэхээс авахуулаад хийх ажил энэ Засагт их байна. Ингэж байж урт хугацаандаа бид ам.долларын ханшинд дарлуулахгүй байх боломж бүрдэнэ.

 

Товчхон дүгнэхэд шүү дээ. Гэтэл одоог хүртэл Засгийн газар, УИХ ажлаа хийхгүй л байна. Чухам юу хүлээгээд, алгуурлаад байгааг ойлгох юм алга.  Засгийн газрын тэргүүн “Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой” гэж ярьсан байсан. Мөн “Гадны хөрөнгө оруулагчдыг татах, Монголд оруулж ирэх үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална” ч гэж ярьсан. Ерөнхий сайд яавал ам.долларын ханш буурах, юу хийх ёстойгоо мэдэж байна.

 

Тэгэхдээ энэ мэт ажлаа нэн даруй, яаралтай эхлэх хэрэгтэй. Монголбанк ам.долларын ханшийг бууруулах ажлаа тодорхой хэмжээнд, хэр чадлаараа хийж байна. Одоо Засгийн газар л ажлаа хийх үлдээд байгаа юм. Хэрвээ Засгийн газар энэ хэвээрээ дүлэгнээд, дорвитой ажил хийхгүй бол ам.долларын ханш 2500 хүрэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Цаашлаад 3000 төгрөгт ч хүрэх байх. Яагаад гэвэл Монголбанкинд хийж чадах юм бараг үлдээгүй. Ямар 1.2 тэрбум ам.долларын нөөцөө шавхалтай биш.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Пунцагболд

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
тодорхой эрх мэдэлтнүүд болон банкныхан өөрсдөө төгрөгийн их хэмжээтэй зээл авсан учраас долларыг албаар өсгөж төгрөгийн өрөө төлж ашигтай ажилладаг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Сэтгүүлчид л ойлгохгүй гайхшрах юм.
2016-11-10
zochin:
hudalaa chadakhgui bolood ireheeree olon yum toochood, humuusruu buruugaa chikheed.
2016-11-09
Зочин:
1.2 тэрбум ам.доллараа шавхаад ч хамаагүй бууруул. Чадахгүй бол оффшорт байршуулсан 17 тэрбум ам.доллараа оруулж ирж бууруул.
2016-11-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-09