Хилари ялагдсан шалтгаанаа нэрлэв

Хилари Клинтон Ерөнхийлөгч болоогүй нь хэний буруу вэ? гэх асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн Хилари Клинтон зорилгоо биелүүлж чадахгүй, ялагдал хүлээсэн билээ. Тэрбээр нийт 270 мандатаас 228 мандат авснаар ялагдал хүлээсэн юм. Тэгвэл Хилари ялагдал хүлээсэн шалтгаанаа Холбооны мөрдөх товчоо буюу “FBI”-тайхолбоотой хэмээн мэдэгдлээ.
Хилари “Сонгуулийн кампанит ажлын үеэр “FBI” хөндлөнгөөс шалгалт явуулж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн” гэж хэлжээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах үедээ хувийн и-мэйл хаягаа албан ажилдаа ашигласан хэмээн “FBI” буруутгаж, нууц шалгалт явуулсан юм. Өнгөрсөн хугацаанд Хиларигийн хувийн и-мэйл хаяг хэд хэдэн удаа хакеруудын дайралтад өртсөн билээ. Уг кибер дайралтын үеэр Хилари улсын нууцын зэрэглэлтэй мэдээ, материалыг хакеруудад алдсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан билээ.
Уг хэрэгтэй холбогдуулан Хилари тайлбар хийхдээ “Төрийн нарийн бичгээр ажиллах үедээ хэтэрхий их ажилтай байсан учир ганцхан и-мэйл хаяг ашигласан юм. Би ажлын хариуцлага алдлаа” хэмээн сонгуулийн өмнө мэдэгдсэн юм. Хилари 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, дэлхийн 20 гаруй улсад төрийн айлчлал хийжээ.Сонгуулийн кампинат ажил эхлэх үед “FBI” мөрдөх ажиллагаагаа зогсоогоод байсан ч өнгөрсөн хугацаанд нууцаар мөрдөж байсан талаар Хилари онцлов.
Уг нь холбооны хуулиар төрийн албан хаагч албандаа хувийн цахим шуудангаа ашиглахыг хориглодог аж.
Хиларигийн цахим шууданд хадгалагдсан 1700 орчим цахим шуудан түүний Сири, Ливи, “Аль Кайди”, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой болохыг хакерууд баталсан билээ. Уг хэргээс бол Хилари 33 мянган цахим шуудангаа устгасан билээ. Тэрбээр цахим шуудангаа устгасан тухайгаа мэдэгдсэн юм. Энэхүү хэргээс болж Хиларигийн нэр хүнд огцом унасан билээ. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс Хиларигийн устгасан 33 мянган цахим шууданг дахин сэргээж, өөрт нь өгөхийг хүссэн билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр “FBI”-ийн дарга Жеймс Коми, Хиларигийн хэргийн хэрэгсэхгүй болгосон юм.Тэрбээр “Хилари Клинтоны цахим шууданг шалгахад хэрэг үүсгэх нотолгоо олдоогүй” гэж мэдэгдсэн билээ.Энэхүү мэдэгдлийн дараа иргэд олон нийтийн сүлжээгээр “Хилари ялалт байгуулахын тулд улсын хэрэгт хүртэл хөндлөнгөөс оролцож байна” гэжээ. Хэрэг хаагдсантай Хилари ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж байгаа ч “FBI”-ийн дотоод асуудалд эрх баригчид хөндлөнгөөс оролцсон гэх хардлага иргэдийн дунд байгааг “CNN”агентлаг онцолсон билээ.
Уг хэрэг сөрөг хүчин Бүгд найрамдахчуудад ялалт байгуулах гол боломжийг олгосон гэв. Учир нь тэрбумтан Дональд Трамп иргэдтэй уулзах, мөн халз мэтгэлцээний үеэр иргэдэд Хиларигийн цахим шуудангийн хэргийн байнга сануулж байсан юм. Трамп “Хилари улсын нууцыг хувийн и-мэйл хаягтаа ашиглаж байсан. Түүнд итгэх итгэл алга” гэж мэдэгдсэн билээ. Хилари сонгуулийн дараа ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч “Америкчууд хэтэрхий буруу сонголт хийлээ. Трампаас болж АНУ тарж, бутрах аюултай” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр “Трампийн цагаачдын эсрэг бодлого хэтэрхий буруу бодлого. Мексикийн хил дээр хана бус гүүр барих хэрэгтэй” гэсэн байна.
Хэдий Хилари ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байгаа ч Трампийн ялалтыг эсэргүүцэгчид АНУ-ын томоохон хотуудад жагсч буй юм.Нью Йорк хотноо Трампийн хувийн эдлэнгүүдийн гадна олон мянган иргэд “Трамп миний ерөнхийлөгч биш” гэх лоозон барин жагсч байна. Одоогоор уг жагсаал 20 гаруй хотод болж буй юм.
Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэхээс урьдаж Трампийг мэдэгдэл хийхийг хэвлэлүүд сануулж байна. “AFP” агентлаг“Хэрвээ цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл энэ жагсаал хэдэн өдрөөр ч хамаагүй үргэлжлэх магадлалтай байна” гэж мэдээлжээ. Трамп эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан билээ. Тэрбээр уг уулзалтын үеэр “Америкийг дахин хүчирхэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж хэлжээ. Тэдний уулзалт 50 минут үргэлжилсэн юм.
Ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Трамп АНУ-ын Ерөнхийлөгч, Майк Пейнс Дэд ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ