Обама жагсагчдыг тарахыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараахан томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Жагсаалд оролцож буй иргэд Трампийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн “Трамп миний ерөнхийлөгч биш” гэх лоозон барьцгаан жагсч байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дээрх жагсаал 27 хотод зохион байгуулагдаж байгаа гэв. Жагсаалд оролцож буй хүмүүсийн ихэнх нь цагаачид болон тус улсад ажиллаж амьдарч буй Мексикчүүд гэнэ. Учир нь Трамп тангарагаа өргөөд хууль бус цагаачдыг хөөж гаргаж, Мексикийн хил дээр хана босгохоо мэдэгдсэн билээ.
Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, хүчирхийлэл газар авч буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Та бүхэн жагсаалаа нэн даруй зогсоо. Мөн нэгэнт гарчихсан сонгуулийн дүнтэй санал нэгдэхийг уриалж байна” гэж хэлжээ.
Обамагаас гадна Трамптай сонгуульд хамт өрсөлдсөн Хилари Клинтон ард түмэндээ хандан “Хямрал, мөргөлдөөн энэ улсад хэрэггүй” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ