Хос медальтан эх орондоо ирлээ

img

Хүндийг өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн "том" алдартайгаар эх орондоо ирлээ. Тэрбээр өнгөрсөн өдрийн орой эх орондоо ирсэн юм.

 

Манай тамирчин М.Анхцэцэг энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон.  Мөн Мексикийн Мериад хотод болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  дэлхийн аварга болсон юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аварга болсон билээ.

 

 

М.Анхцэцэг  дээрхи хоёр олон улсын тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан. Улмаар хос медалийн эзэн болсон бахдам амжилттайгаар эх орондоо ирлээ.  Түүнийг  гэр бүл, найз нөхөд, багш, дасгалжуулагч нь халуун дотноор угтан авлаа.

 

Өнгөрсөн наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны олимпод тэрбээр наймдугаар байр эзэлж байсан. Арваннайман настай түүнд анхны олимп нь ахдаа юм болов уу даа. Туршлага, сэтгэлзүйн бэлтгэл ч дутсан байж болох. Гэхдээ тэр чансаатай тамирчин гэдгээ харуулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг хоёронтаа дуурсгалаа.

 

 

Тэрбээр “Би зургаан жил төмөр өргөж байна. Үүнийхээ үр шимийг амсахыг өдөр бүр хүсдэг, мөрөөддөг, залбирдаг” хэмээж байсан. Түүний мөрөөдөл өнөө биелж “Гэр бүлийнхэндээ болон хайртай багшдаа, Монголын хүндийн өргөлтийн холбооныхондоо, Асашёорюү Д.Дагвадорж аварга болон Монгол жонш, Сувинер Хаус, Үнэн Анд, Есүүдын батууд, Ёокохома компанийн хамт олонд маш их баярлалаа” хэмээн ярьж байна.

 

Монголын хүндийг өргөлтийн залгамж халаа болж, амжилтаа ахиулсаар буй залуу тамирчинд амжилт хүсье. М.Анхцэцэгт дахиад олон тэмцээн бий.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Halh:
Olimpiin naidvar
2016-11-22
иргэн:
Энэ охинд их ирээдүй бий
2016-11-22
дэмжигч:
Ийм мундаг тамирчин байна баяр хүргэе.
2016-11-22