Шар үнэмлэхээ солиулсан уу

Жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан. Улмаар үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж, хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтийг энэ оныг дуустал тус төвд хүлээн авч буй юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа.
Хуучин үнэмлэхээ солихдоо иргэн хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж төлнө.
Хөдөө орон нутагтын хуучин үнэмлэхтэй жолоочид орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас Лицензийн төвд тухайн материалуудыг ирүүлсэний дараа шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлж буй аж.
Шар үнэмлэхийг заавал солих шаардлагатайг албаныхан мэдээлсэн. Учир нь иргэний хуучин жолооны үнэмлэх дээрх зураг, одоогийн дүр төрхөөс өөрчлөгдөх тохиолдол их бий. Энэ нь эргээд жолооч, цагдаа хооронд маргаан үүсэх эх үүсвэр болж байгаа. Тиймээс ашиглах хугацаа заагаагүй шар үнэмлэхийг шинэчилж буй гэдгийг албаны хүн тайлбарласан юм.
Хуучин үнэмлэхийг энэ оныг дуустал солих тул бага хугацаа үлдсэн болохыг албаныхан иргэдэд сануулж байна. Лицензийн төв Баянзүрх дүүргийн 2-р хороо, “Home plaza” дэлгүүрийн зүүн талд, “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд байрладаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ