Э.Дөлгөөн: Монгол сагсчид чадвараар дутахгүй

БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирээд байна.
Манай сагсчид Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Үргэлжлүүлэн Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж 18:21 харьцаагаар хожиж аваргын төлөө тоглохоор болсон. Улмаар Дэлхийн оюутны аварга буюу алтан медалийн төлөө Франц улсын багтай тоглож 12:19 буюу долоон онооны зөрүүгээр хожигдсон.
Багийн ахлагч “Мон-Алтиус” дээд сургуулийн захирал, М.Өсөхбаяр “Бид багийн спортыг эх орондоо дэлгэрүүлэхийг, хөгжүүлэхийг хичээж тус тэмцээнийг зорьж очсон. Улмаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч үзлээ. Багийн спорт хөгжихгүй гэдэг үг ард хоцорлоо. Зоондоо хүчтэй багуудтай тоглосон. Ливан багийн холбогч маш чадварлаг, тоглогчид маш өндөр нуруутай байсан. Гэсэн ч манай залуус тус багийг хожиж чадсан” хэмээв.
Мөн багийн тоглогч Э.Дөлгөөн “Аваргын төлөө тоглолт маш хэцүү байсан. Манай баг биеийн хөгжлөөр л хожигдсон. Өрсөлдөгч багийн тоглогчид өндөр нуруулаг учраас хамгаалалтаас нь бултах хэцүү байсан. Бид биеийн хүч, нурууны нам буюу бэлтгэлээр л дутуу байсан. Бусдаар бол Монгол хүн аль ч орноос дутахгүй юм билээ” гэв.
Тэмцээнд нийт 12 орны баг, тамирчид өрсөлджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ