Э.Идэрболд: Театрын урлагийг дэлхийд үнэлүүлэхийг мөрөөддөг

Улсын Драмын Эрдмийн Театрын туслах найруулагч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Идэрболдтой уулзаж ярилцлаа.
-Драмын театрын хүнийг Соёлын төвөөс олдог байна шүү.
-“Нюанс” хамтлагийн залуус тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын найруулгад УДЭТ-ын жүжигчин Чингүүн бид хоёр тусалж байгаа юм.
-Ингэхэд УДЭТ-д хэзээнээс данстай болов?
-УДЭТ-т туслах найруулагчаар ажилд ороод хагас жил болж байна. Саяхан манай театрын уран бүтээлчид Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг өгүүлсэн “Жаргаагүй нар” хэмээх түүхэн, эмгэнэлт драмын жүжгийг тавьсан. Тус уран бүтээлд туслах найруулагчаар ажилласан. Мөн хүн зөн дүр дээр давхар ажиллаж, Д.Нацагдоржийн дублёр буюу орлон жүжигчнээр ажиллаа.
-Эхлээд орон нутгийн театрт. Дараа нь “Black box” театрт ажиллаж байсан байх аа?
-Тийм ээ. Би сургуулиа төгсөөд Дорноговь аймгийнхаа “Саран хөхөө” театрт тасралтгүй таван жил ажилласан. Үүний дараа “Black box” театрт одоо харин УДЭТ-т ажиллаж байна.
Засаг даргаараа сургалтын төлбөрөө даалгаж байлаа
-“Black box”-д ажилладаг байхдаа манай театрын жүжиг, хэв маяг УДЭТ-ынхаас өөр гэж ярьж байсныг тань санаж байна.
-Өөр. Сонгож авч ажиллаж буй жүжиг, уран бүтээлийн бодлого нь тэс өөр. “Black box” театр бол дэлхийн сонгомол жүжгүүдийг авч ажилладаг, нийгмийн тодорхой хүмүүст л зориулсан театр гэж хэлж болохоор. Харин УДЭТ 85 жилийн түүхийг агуулсан маш том театр. Энэ утгаараа тайз засалт, жүжиг тавилт өөр байхаас аргагүй.
-Гурван ч театрын “нүүр” үзжээ. Орон нутгийн театрын жүжигчид найруулагчаа, хөгжимчнөө өөрсдөө хийдэг онцлогтой доо?
-Тийм шүү. Хөдөө орон нутгийн театрын жүжигчин, хөгжимчнөө, бүжигчнээ ч өөрөө хийчихнэ. Өссөн гэр минь тэнд учраас давуу талтай байлаа. Дөнгөж сургууль төгсөж очсон залуу хүүхэд нэлээд олон зүйлийг нутгийнхаа театраас суралцсан даа. Тэнд сурсан зүйл маань энд ирээд гологдохгүй л байна.
-Сургалтын төлбөрөө Засаг даргаараа даалгачихсан гэж байгаа?
-Тэгсэн. Энэ их зөв зүйтэй шийдэл гэж би боддог. Тухайн үед манай аймгийн Засаг даргаар одоогийн БСШУС-ын сайд Ж.Батсуурь ажилдаг байлаа. Тэгээд орон нутгаас жүжигчин бэлтгэж, тухайн жүжигчин эргээд нутагтаа ирж ажиллах нөхцөл боломжийг бий болгохоор СУИС-тай гэрээ хийж бидний бүх төлбөр, мөнгийг дааж суралцах бүрэн боломжоор хангаж өгч байсан юм.
-Төлбөрт санаа зовохгүй жаргалтай оюутан байжээ?
-Тэгэлгүй яахав. Мөн дөрвөн жил суралцах хугацааны байрны мөнгийг бүрэн даасан. Энэ бол маш том боломж. Тэр утгаараа алтан боломжоор жүжигчин мэргэжлийг эзэмшсэн гэж боддог.
Жүжигчин болно гэж төсөөлж ч байсангүй
-“Амьдрал чиний төлөө” кинонд бүтээсэн дүрд тань хайртай байдаг юм. Уг дүрийн учир зангилаа киноны төгсгөлд тайлагддаг болохоор ч тэр юм уу.
-Олон ч кинонд тоглосонгүй дээ. Гэхдээ энэ кино миний тоглосон анхны уран бүтээл. Тэр утгаараа сэтгэлд их “өёг” байдаг юм. Тухайн үед МҮОНТ-ийн найруулагч Н.Байгаль намайг сонгож тоглуулахад маш их баярлаж байлаа.
-Хэсгийн төлөөлөгч Тодоо буюу жүжигчин Хосбаяр та хоёр амьдрал дээрхи найзууд байх аа?
-Тийм ээ. Бид хоёр их ойрхон найзууд. СУИС-ийн жүжигчний нэг ангийнхан. Тэр утгаараа дүрд тоглоход бас их ойр байсан.
-“Цэн тогоруу” кинонд тоглосон дүрд тань ч дурлаж явлаа шүү.
-Баярлалаа. Миний маш их хичээж ажилласан дүр бол “Цэн тогоруу”. Сайн ч кино болсон гэж би хувьдаа боддог.
-Театраас их амархан буучих шиг болсон?
-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ кассын кино гэж байдаг. Харин энэ кино бол орлого олох зорилготой кино биш байсан. Монголчууд маань хөдөө ахуйг мэддэг гэдэг утгаараа үзэгч багатай байсан юм болов уу. Ямартай ч үзсэн хүмүүс ам сайтай байсан.
“Босго тотго”, “Босуул” зэрэг кинонд түүхэн дүр бүтээгээд амжсан?
-МҮОНТ-ийн бүтээл “Босго тотго” кинонд түүхэн дүрд тоглосон. Хилийн зурвас татах үйл ажиллагаанд оролцож байсан Хятадын талын тагнуул хүний дүр. Мөн “Босуул” киноны туслах дүр Бат гэж залуугийн дүрд тоглосон.
-Театрын найруулагчад авьяас “сорьж” байгаа. Дээр нь цөөнгүй кинонд дүр бүтээсэн. Ингээд бодохоор та хос “морьтон” юм аа?
-Одоогоор би нээрэн л таны хэлснээр хоёр “морьтой” хатируулж явна даа. Ерөнхийдөө жүжигчнээрээ ажиллана. Бас найруулагчаа ч хийнэ. Хоёуланг нь хослуулна. Тэгж байтал аль нэг зам нь тодорно гэдэгт би итгэж байна.
-Таныг хэн гэж дуудвал танд тааламжтай вэ? Жүжигчин, найруулагч. Эсвэл зүгээр л Идэрболдоо?
-Уран бүтээлч. Уран сайхан зүйлийг бүтээж бий болгож чаддаг хүн учраас уран бүтээл ч гэдэг хамгийн сайхан хүндэтгэл гэж би боддог.
-Жүжигчин болох таны багийн мөрөөдөл байв уу?
-Манай гэр бүлийнхэн бүгд барилгын инженер мэргэжилтэй хүмүүс байдаг. Би багадаа жүжигчин болно гэж төсөөлж ч байсангүй. Мөрөөдөл ихтэй л хүүхэд байсан. Хөгжилтэй зүйл ярихад арван жилийн сурагч байхдаа би ангийнхаа хүүхдийн дэвтэр дээр “миний гарын үсгийг аваарай” гэж биччихээд зугтаачихдаг байсан. Яагаад ч юм мэдэхгүй тэгж их сахилгагүйтдэг байсан. Өнөө хүүхэд нь уурлахаар “Ирээдүйд миний гарын үсэг үнэд хүрнэ. Хадгалж яв” гэдэг байсан. Тухайн үед юу зөгнөж тэгдэг байснаа мэддэггүй юм. Одоо ангийнхан таархаараа “чи урлагийн хүн болох гээд л тэгдэг байж дээ. Гарын үсгийг чинь хадгалж байгаа. 20-30 жилийн дараа үнэд хүрнэ” гэх бэлэгшээлтэй зүйлийг хэлдэг юм.
-Энэ мэргэжлийг эзэмшээгүй бол юуг хийж бүтээж яваа бол?
-Би жүжигчин болоогүй бол гадаад улс оронд аялсан л хүн байх байсан болов уу. Аялал жуулчлалын менежментийг маш их сонирхдог байсан. Жүжигчин болоогүй бол дараагийн сонголт энэ л байсан.
-Өнөө жүжигчин болсондоо эргэлзэх цаг үе гарах уу?
-Эргэлзэхгүй байна. Үүнээс өөр зүйлийг хийнэ гэдэгтээ харин итгэлгүй байна. Цаг хугацааны эрхээр шантрах зүйл байдаг. Гэсэн ч эргээд кайф өгч байгаа зүйл нь миний мэргэжил учраас бэрхшээлийг даван туулж байна. Уран бүтээлч хүний ар гэрийн амьдрал баттай, суурьтай байхад урдах ажлыг давж гарна даа.
Миний төлөө эхнэр минь хүсэл мөрөөдлөө орхисон
-Таны гэргий гуних нь үгүй сэтгэлтэй, гал цогтой бүсгүй шиг санагддаг?
-Баярлалаа. Бид хоёр 2005 онд гэр бүл болоод хамтдаа 11 жилийг туулжээ. Бид СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа бие биенээ олж, үерхсэн хоёр доо. Эхнэр маань бас жүжигчин мэргэжилтэй. Би боддог юм. Түүний жүжигчний уран чадвар минийхээс илүү. Гэвч миний төлөө, ар гэр, амьдралынхаа төлөө мэргэжлээрээ ажиллаж чадалгүй миний төлөө хүсэл мөрөөдлөө орхисон бүсгүй. Тийм учраас тэр хүний мөрөөдлийн төлөө би хичээж хөдөлмөрлөх ёстойгоо дотроо ухамсарлаж явдаг. Эхнэр маань надад “Чи хайр халамж багатай” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ хайр халамж үргэлж дүүрэн явдаг юм шүү дээ.
-Хүүгийн тань нүд нь “алга” болж ирээд инээх нь биш гээд хэлчихвий гэсэн шиг адилхан даа?
-Тийм шүү/инээв.сур/. Миний хүүг Ачит гэдэг.
-Энэ жил сургуульд орсон байх аа?
-Тэгсэн. Хүү маань сургуульд орсноос хойш манай театр маш их ажилтай байсан. Тийм болохоор хүүхдийнхээ сурлага, хөдөлмөрт нь анхаарч амжаагүй л явлаа. Сүүлийн хэд хоног л унших дасгал хийж, сургуульд хүргэж авсан.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ. “Шандын дэлчгэр” хочтой байсан гэсэн?
-Би оюутан байхдаа их “хөдөлгөөнтэй” хүүхэд байлаа. Ангийн дарга байсан. Тэр ч утгаараа юу ч байсан “Чадах уу” гэвэл чадна, “Хийх үү” гэвэл хийдэг байсан шүү. Угтаа “Би чадна” гэдэг л хүүхэд байлаа. Тэр ч утгаараа багш маань намайг “Дэлчгэр” гэж хочилсон байх гэж би бодоод байгаа. Багшаас асуувал сайн мэдэх байх /инээв.сур/.
-Эрх байсан уу?
-Үгүй шүү. Оюутан болчихоод аав, ээждээ “та хоёр яагаад намайг эрхлүүлдэггүй байсан юм бэ. Том болчихоод би эрхлэмээр санагдаад байна” гэж гомдолж байж билээ. Айлын дундах болоод ч тэр үү эрх байгаагүй. Аав маань ч нэлээд чанга хатуу хүн. Тийм болохоор аавын үг хууль байсан. Ээж маань арван муу юм хийхэд “Идэрболдоо” гэж ганц удаа сануулах тийм уужуу тайван хүн.
Өөрийгөө “Говийн зэрэглээ” киноны сургуулийн захиралтай зүйрлэнэ
-Одоо харин таны дотоод руу чиглэсэн цөөн зүйл асууя. Өөрийгөө хуучны сайхан монгол киноны аль нэг дүрээр илэрхийлээч гэвэл та алийг нэрлэх вэ?
-“Говийн зэрэглээ” киноны сургуулийн захирал. Эгч, гэргий хоёр маань “энэ яг чи” гэдэг юм. Би өөрийгөө зүйрлэх юм бол тэр дүртэй л зүйрлэнэ.
-Хамгийн баггүй үнэн хүн гэвэл өөрийгөө нэрлэж чадах уу?
-Баггүй амьдрахыг л хичээж байна. Хүн багагүй явбал тэр хүн байр суургүй, орон сууцгүй, орших газаргүй л болж хувирах гээд байх шиг. Тэр утгаараа нийгэм өөрөө хүнд баг өмсгөж байна. Би хүн бүртэй адилхан харьцдаг зөөлөн талдаа хүндээ.
-Амьдралаас олж авсан хамгийн үнэтэй зүйл юу байв?
-Ийм аав ээжтэй, энэ газар оронд хүн болж төрсөн, ийм мэргэжил болоод хань сонгосон нь гээд олон зүйл бий. Хамгийн чухал нь ийм сайхан үр надад заяасан нь сайхан.
-Баяр гунигтай цаг үед хэн нэгний танд хандаж хэлсэн үг онцгойрч үлдэв үү?
-Ээжийн минь хэлсэн үг. “Бид нар чиний амьдралыг насаараа зааж, алдааг чинь араас чинь залруулж явахгүй. Тийм болохоор чи хэн болохоо өөрөө л шийднэ” гэж ахлах ангид байхад надад хэлж байсан юм. Энэ үг миний тархинд үргэлж хадаатай явдаг. Тэр утгаараа гэр бүлээсээ олж авсан хүмүүжил. Буруу биш зөв бодолтой, гол нь худлаа байж болохгүй гэдэг үлгэрлэлийг хүүдээ сургахыг хичээдэг юм.
-Ирээдүйд юуг хүсэж, мөрөөдөж байна вэ?
-Театр болон тайз дэлгэцийн урлагт бодож хүссэнээ гүйцэлдүүлмээр байна. Монголын кино болон театрын урлагийг дэлхийн давцанд гаргахыг мөрөөддөг дөө.
-Миний асуугаагүй үлдээсэн, таны ярихыг хүссэн зүйл байна уу?
-Би олон хүмүүст баярлаж талархдаг. Надад тусалж дэмждэг бүх хүмүүс баярлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна. Мөн сайхан гэргийдээ баярлалаа.
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ