Буруу хүнтэй нөхөрлөсөн Ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ огцорлоо. Энэ талаар “www.ft.com” мэдээллээ.
Улс төрийн хувьд тогтвортой орнуудын нэг гэгддэг Өмнөд Солонгос улс өнгөрөгч саруудад түүхэндээ анх удаагаа сонгогдсон эмэгтэй Ерөнхийлөгчөө суудлаас нь түлхэн унагаахаар тэмцэж эхэлсэн юм. Сүүлийн хоёр сар тус улсад эмх замбараагүй байдал газар авч, чимээгүй өдөр байхаа больсон билээ. Сөрөг хүчний дэлгэсэн ганцхан материал Ерөнхийлөгчийг огцроход голлох үүргийг гүйцэтгэв. Пак Ын Хэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хэлэх үг, сонгуулийн үеэр ашиглах материал зэрэг нь улсын нууцын зэрэглэлтэй байдаг юм. Уг материалтай зөвхөн намын нэр бүхий удирдлагууд эсвэл сонгуулийн кампанит ажилд оролцож буй итгэмжлэгдсэн төрийн албан хаагчид танилцах ёстой аж. Харин Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Чун Сил насаараа бизнес хийсэн бөгөөд ганц ч жил төрийн албанд ажиллаж үзээгүй нь асуудал үүсгэжээ.
Чой Чун Сил нэр дэвшигчийн хэлэх үгийг хянах нэрийдлээр Өмнөд Солонгосын арми, эдийн засаг, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон гадаад бодлогын талаар мэдсэн байх магадлалтай хэмээн сөрөг хүчин үзэж байна. Энэхүү хэргээс шалтгаалан Чой Чун Силийг баривчлан, өнөөг хүртэл прокурорууд байцааж буй юм. Гэхдээ ганцхан энэ асуудлаас болж өмнөдүүд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаагүй билээ. Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөж байхдаа гурван ч хандивын данс нээж, иргэдээс хандив цуглуулсан юм. Урьдчилсан шалгалтаар Чой Чун Сил найзынхаа нэрийг барьж, Өмнөд Солонгосын томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авсан мөн мөнгө угаасан хэмээн буруутгасан юм.
Эдгээр асуудал Пак Ын Хэгийн нэр хүнд огцом унахад гол үүргийг гүйцэтгэж, ганцхан сарын дотор дэмжигчдийнхээ 50-иас илүү хувийг алдсан байна. Чой Чун Силийн авлигын хэрэгтэй Ерөнхийлөгч холбоотой, тэрбээр алсаас энэхүү хэргийг удирдаж байсан хэмээн прокурорууд мэдэгдэж, Ерөнхийлөгчөөс байцаалт авахыг хүссэн ч хангалттай баримт нотолгоо олдохгүй байгаа талаар хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 20 гаруй компанийн удирдлагуудаас байцаалт авсан ч тэд бүгдээрээ “Ерөнхийлөгч болон найзад нь авлига өгөөгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Харин “Самсунг” корпарацийн гүйцэтгэх захирал мэдүүлгийнхээ үеэр “Чой Чун Силийн охинд нэг тэрбум воноор хурдны морь худалдан авч өгсөн. Гэхдээ энэ бол авлига бус зөвхөн Өмнөд Солонгос улсад уг спортыг дэлгэрүүлэхийн тулд гадаадаас хурдны морь худалдан авсан болно” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч болон түүний найзтай бизнесмэнүүд холбоотой гэдгийг уг мэдүүлэг баталсан юм.
Эцсээ хүртэл суудлаасаа огцрохгүй гэдгээ илэрхийлж байсан Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагаар албан тушаал, эрх мэдэл, нэр хүнд болон амьдралаа парламентын гишүүдийн сонголтод үлдээсэн юм. Тус улсын парламент өнгөрөгч баасан гаригт “Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх” асуудлаар нууц санал хураалт зохион байгуулсан билээ. Энэхүү үйл явдал олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан.
Санал хураалтад парламентын 300 гишүүн оролцсон юм. Уг санал хураалт эхлээд гурван цагийн дараа албан ёсны дүнг танилцуулсан билээ. Санал хураалтад оролцсон 300 гишүүний 234 нь “Пак Ын Хэ ажлын хариуцлага алдсан учир огцрох ёстой” гэсэн бол 56 гишүүн “Ерөнхийлөгч огцрох шаардлагагүй” гэжээ. Харин хоёр гишүүн саналаа өгөхөөс татгалзсан бол саналын хуудсыг тоолох үеэр долоон саналыг хуудас хүчингүй болсон байна. Ийнхүү гишүүд Ерөнхийлөгчтэй итгэл үзүүлэхээс татгалзсанаар түүний албан тушаалыг Ерөнхий сайд хашихаар болжээ. Пак Ын Хэгийн ялалтаар эрх баригч болсон Сэнүри намын 70-80 хувь нь Ерөнхийлөгчийнхөө эсрэг саналаа өгсөн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. “Тэд алдаа гаргасан албан тушаалтнаасаа салах туйлын сонирхолтой байгаа” хэмээн ажиглагч өгүүлжээ.
Гэхдээ гишүүд Ерөнхийлөгчөө дуу нэгтэйгээр огцрохыг дэмжсэн ч тэдний санал Пак Ын Хэг суудлаас нь түлхэн унагаахад хангалттай хүчтэй бус юм. Үндсэн хуулийн цэц Пак Ын Хэ ерөнхийлөгчийн албан тушаалаа огцрох эсэхийг шийднэ. Цэцийн есөн гишүүний зургаа нь Ерөнхийлөгчөө огцрохыг дэмжвэл Пак Ын Хэ албан ёсоор Хөх ордноос явна. Ерөнхийлөгчийн огцрох үйл явц 180 хоног үргэлжилдэг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ