Карт идэвхтэй ашиглагчийн тоо өсчээ

img

“Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-нд банкууд 2010 онд нэгдсэнээр “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” үйлчилгээ бүрэн утгаараа Монгол Улсын иргэн бүрт хүрэх боломжтой болсон. Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” үйлчилгээг 9 банкны 410 ширхэг АТМ төхөөрөмж, 4956 ширхэг ПОС терминал, 2076 ширхэг ПОБ терминалаар дамжуулан 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж байгаа юм байна. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 2.2 сая карт эзэмшигчийн 1.6 их наяд төгрөгийн 20.2 сая ширхэг гүйлгээ хийгджээ. Энэ нь банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болж бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсч, картаар үйлчлэгч аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ картын хэрэглээг хэвшил болгож байгааг харуулж байна хэмээн төв банкнаас мэдээлж байгаа юм. Карт эзэмшигчийн тоо 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 388.6 мянга буюу 27 хувиар, 2011 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 327.1 мянга буюу 18 хувиар тус тус нэмэгдсэн байна. Карт идэвхтэй ашиглагчийн тоо 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 341.9 мянга буюу 43 хувиар буурч, 2011 оны хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 14.3 мянга буюу 4.4 хувиар өсчээ. Карт эзэмшигчийн тоо сүүлийн 2 жилд өсөлттэй байсан боловч карт идэвхтэй ашиглагчийн тоо 2010 онд буурч, харин 2011 онд бага зэрэг өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ