Тулгуур хуулиа дахиад оролдох хэрэг байна уу

Шинэ оны босгон дээр Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд эцэг хууль үүргээ гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа. “Үндсэн хуулийн нэг номерын зарчим нь улсынхаа бүрэн эрх тусгаар тогтнолыг тунхагладаг. Гаднын хүний гар хүрээгүй боловсруулсан хууль бол Үндсэн хууль. Үндсэн хууль нь улсын хөгжлийн зорилго, арга замын тухай хууль биш. Бүрэн эрхт тусгаар улсын өнө мөнх орших үндэс тулгуурыг л бататгасан хууль шүү дээ. Энэ бол Монгол Улс л гэсэн үг” хэмээн Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын ардын багш, хууль Б.Чимид асан нэгэнтээ онцлон хэлсэн байдаг.
Харин өнгөрсөн хугацаанд нэг л удаа Үндсэн хуулиндаа гар хүрсэн. Тэр нь 2000 онд оруулсан 7 өөрчлөлт. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч 7 удаа буцаасан улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, Үндсэн хуулиа барин авч, үзэгний үзүүрээр өөрчлөн завсарласан үйлдлийг өнөө ч олон нийтийн шүүмжилсээр байдаг.
2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
-УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
- УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
-УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
-УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах;
-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалтыг тус тус оруулсан байдаг.
Энэ 7 өөрчлөлт дотор орсон байнгын хорооны хурлын ирцийн асуудал өнөө ч засч, залруулагдаагүй хэвээр л байгаа. Чуулган, байнгын хорооны хурлын ирцийг, олонхийг бүрдүүлэх гэж хурал даргалагчаас эхлээд УИХ-ын Тамгын газрынхан тал тал тийш утасдаж, цаг, мөнгө, хөлсөө урсгасаар л байдаг.
Өмнөх парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж ажилласан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг ирсэн гэж зарим нэг эрхмийн амнаас үг унаж байлаа. Гурван жил орчим ажилласан ажлын хэсгийнхний боловсруулсан төсөл парламентын босго давж чадалгүй, цаасан дээр үлдсэн юм. Учир нь сонгуулийн жилийн босгон дээр ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байлаа. Дээр нь улс төрийн нөхцөл байдлын талаасаа тухайн үеийн эрх баригч хүчин АН 15 жилийн өмнөх алдаагаа давтахаас болгоомжилсон биз.
Эдүгээ шинэ парламентын үнэмлэхүй олонхи МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах үүргийг Засгийн газартаа өгсөн. Учир нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан юм билээ. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Шинэ парламент Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар эрдэмтэн судлаачдын үгийг сонсон, олон нийтийн санал асуулга явуулах гээд байна вэ?
Хямралын энэ үед төр, засгаас эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ л олны анхаарлыг татна. Түүнээс бус Үндсэн хуулиа өөрчилж, тусгаар тогтнолын асуудлаа хөндөх нь цагаа олсон ажил мөн үү?
“Хэрвээ засан сайжруулах бол шинжлэх ухааны үндэстэй хийгээрэй. Түүнээс бус эндээс нэг өгүүлбэрийг авч өөр нэгийг орлуулснаар өөрчлөлт болохгүй, сэглэхийн нэмэр. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол шүү” гэсэн эцэг хуулийг эх баригчийн үгийг Үндсэн хуулийг УИХ өдөр тутамдаа хэрэглэх, хамгаалах үүрэгтэй УИХ-д сануулахад илүүдэхгүй биз.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ